![](https://static.wixstatic.com/media/102f53_31bb582ff3814f92a3286f8ca1eae9a1~mv2.jpg/v1/fill/w_980,h_654,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/102f53_31bb582ff3814f92a3286f8ca1eae9a1~mv2.jpg)
Австрали улсад орон сууцны хүртээмжтэй байдал сүүлийн 28 жилийн хамгийн доод түвшиндээ хүрээд байна. Үл хөдлөх хөрөнгийн шинжээчдийн мэдээлснээр, 2023-2024 онд дундаж орлоготой өрхүүдийн ердөө 14 хувь нь л өсөн нэмэгдэж буй үл хөдлөх хөрөнгийн үнэ болоод өндөр моргейжийн хүү төлөн орон сууцтай болох боломжтой болж эрс буурчээ.
Энэ нөхцөл байдал нь зөвхөн орон сууц худалдан авагчдад төдийгүй түрээслэгчдэд ч нөлөөлж байна. Австралийн томоохон хотуудад түрээсийн байрны хүртээмж буурч түрээсийн үнэ нэмэгдсэнээр олон хүн амьжиргааны зардлаа нөхөхийн тулд үндсэн хэрэгцээгээ хязгаарлахад хүрч байна.
Австралийн эрх баригчид энэ хямралыг шийдвэрлэхийн тулд янз бүрийн арга хэмжээг авч байгаа ч, олон нийт одоогийн хэрэгжүүлж буй бодлогыг хангалтгүй гэж үзэж байна. Судалгаагаар, Австраличуудын 70 хувь нь Ерөнхий сайд Энтони Албанезегийн 32 тэрбум долларын "Австралийн орон сууцны төлөө" хөтөлбөрийг сөрөгөөр үнэлсэн байна.
![](https://static.wixstatic.com/media/102f53_789dc402880a4671a03b32aa706ffd6e~mv2.png/v1/fill/w_980,h_461,al_c,q_90,usm_0.66_1.00_0.01,enc_auto/102f53_789dc402880a4671a03b32aa706ffd6e~mv2.png)
Орон сууцны хүртээмжийн энэ хямрал нь зөвхөн эдийн засгийн асуудал биш бөгөөд нийгмийн өргөн хүрээний үр дагавартай юм. Зарим бүс нутагт гэр оронгүй хүмүүсийн тоо нэмэгдэж, ажил эрхэлдэг хүмүүс хүртэл орон байргүй болох эрсдэлтэй тулгарч байна. Уг хямрал нь олон гэр бүлд санхүүгийн дарамт учруулж байгаа төдийгүй олон улсын оюутнуудад ч ноцтой нөлөө үзүүлж байна. Ковид-19 цар тахлаас хойш олон улсын оюутнуудын тоо огцом нэмэгдэж байгаа нь түрээсийн зах зээлд өрсөлдөөнийг нэмэгдүүлж, түрээсийн үнийг өсгөхөд нөлөөлж байна.
Нөгөөтэйгүүр түрээсийн үнийн өсөлтөөс болж оюутнууд зарим тохиолдолд долоо хоногт 500 Австрали доллар төлж, өрөө түрээслэн амьдарч байгаа нь тэднийг санхүүгийн мөлжлөгт өртөх эрсдэлтэй болгож байна.
Гэсэн хэдий ч, судалгаагаар олон улсын оюутнууд Австралийн түрээсийн зах зээлийн ердөө 4 хувийг эзэлдэг тул орон сууцны хямралын гол шалтгаан биш гэж үзэж байна.
Энэ нөхцөл байдал нь Австралийн орон сууцны зах зээлд гүнзгий өөрчлөлт хийх шаардлагатайг харуулж байна. Үүнд зөвхөн богино хугацааны арга хэмжээ бус, урт хугацааны тогтвортой шийдлүүд хэрэгтэй байна. Тухайлбал, орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, барилгын салбарт шинэчлэл хийх, моргейжийн хүүг бууруулах зэрэг арга хэмжээнүүд хэрэгтэй юм.
Эх сурвалж: The Australian, News.com.au, Australian Property Update
Comments