![](https://static.wixstatic.com/media/102f53_a4553da2339c47c5bfb47b2727a15846~mv2.jpg/v1/fill/w_980,h_980,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/102f53_a4553da2339c47c5bfb47b2727a15846~mv2.jpg)
10 жил мэргэжлээрээ тууштай ажиллаад өөрийн Start-Up компаниа Австралид байгуулж чадлаа
Австралид анх ирсэн өдрөө маш сайн санадаг. 2000 оны 3 сарын 18-ны өдөр. Гэхдээ цэргийн баярын өдөр гэдгээс өөр түүхтэй. Намайг ирсний орой нь Австрали улс Корона-гаас болоод хилээ хааж байсан юм. Ирэхээс маань өмнөх 2 долоо хоногт Японы кэйс маш их болж байсан болохоор Японоос ирж байгаа хүмүүсээс бусад хүмүүс цэрвээд ч байгаа юм шиг. Японоос Австрали руу ирж байсныг ч хэлэх үү, нэг бодлын азтай ч юм шиг, нэг бодлын азгүй ч юм шиг сонин мэдрэмж төрж байсан. Гадуур ч явж чадахгүй ирсэн улстайгаа сайн танилцах боломжгүй, тийм үе байсан.
Анх Монголоосоо Тайваньд очиж, хиймэл оюун ухааны чиглэлээр магистр хамгаалчихаад тэндээ хэд хэдэн Старт-ап компаниудад ажиллаад, тэндээсээ бас Японд очиж энэ чиглэлээрээ ажиллаж байгаад Австралид ирсэн. Товчхондоо сүүлийн арван жил Data scientist буюу өгөгдлийн шинжилгээ хийдэг ажил хийж байгаа. Энэ нь тухайн компанийнхаа маркетинг байна уу, борлуулалт байна уу тухайн асуудлыг тааварлаж биш яг датанаасаа харж байгаад тодорхой хэв зүй, өнгө төрх байна уу гэдгийг шинжлэн, судалж тэр бизнес хэрхэн явагдаж байгааг ойлгох ажил юм.
Одоо ийм ажил хийдэг ч, бүр багаасаа бол технологит сонирхолтой хүүхэд байгаагүй.Багадаа 11-р сургуульд сурч байгаад Оюуны Ундраа сургууль руу шилжээд тэндээ төгсөж байсан ба тухайн үеийн Холбоо мэдээллийн сургуулийг мэдээллийн сүлжээний инженер мэргэжлээр бакалавраа төгссөн. Төгсөөд Юнител компанид ажилд ороод тэндээ 2 жил ажилласан. Тухайн үеийн манай компанийн СЕО байсан Ганболд захирал бидэнд их зүйл хэлж өгдөг байсан. Бид нарт бизнес сэтгэлгээ суулгах гээд бизнес эрхлэх төрлүүдийг хэлж өгдөг байлаа. Тэрний ачаар бизнесийг аль аль талаас нь харж, сурч эхэлсэн гэж боддог.
Би ер нь гадагшаа явмаар санагддаг байж байгаад нэг удаа шийдээд хэд хэдэн сургуулиуд руу хандаж үзсэн юм. Нэлээн хэдэн газраас санал авсны ихэнх нь 50 орчим хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэг байсан. Гэхдээ бодоод үзэхээр үлдсэн төлбөр, очоод амьдрах байр, хоолны зардал зэрэг маш их мөнгө хэрэг болохоор байсан. Харин Тайванийн Засгийн газрын тэтгэлгийг сонгох болсон нь сургалтын төлбөр, онгоцны билет, степент өгнө гээд бүгдийг нь хариуцахаар байсан, бас угаасаа Тайваньд гар утаснуудын жижиг сажиг зүйлс, чип зэргийг үйлдвэрлэдэг, ер нь технологи талаасаа ирээдүй ямар байхыг тодорхойлдог гэдэг болохоор. Дээрээс нь миний хөтөлбөр хиймэл оюун ухааны чиглэлээр байсан болохоор энэ талаас нь бодож сонголтоо хийсэн. Тэндээ 2 жил сураад, дараа нь Fusions360 компанид 2 жил ажилласан.
Япон руу боломж байвал явж үзнэ дээ гэж боддог байсан болохоор тэнд ажиллах боломжийг алдаагүй. Манай ах эгч нар Японд сурч төгссөн хүмүүс байдаг юм. Тэд ирж очихдоо Японоос янз бүрийн юмнууд авчирч өгдөг, тэгээд ер нь багаасаа Японд элэгтэй болсон гэж хэлж болно. Тайваньд байхад Японоос ажлын санал ирээд бас дажгүй санал байсан болохоор нь тийшээ явсан. Тэндээ Dentsu Inc компанид 3 жил ажилласан.
![](https://static.wixstatic.com/media/102f53_8befb5ae166e47749bd94f781e30a829~mv2.png/v1/fill/w_980,h_785,al_c,q_90,usm_0.66_1.00_0.01,enc_auto/102f53_8befb5ae166e47749bd94f781e30a829~mv2.png)
Одоо Австралид ирсэн, энэ маань магадгүй эцсийн зогсоол гэдэг шиг байх болов уу гэж бодож байна. Өмнө нь боломжоо сайн харж ашигласан гэж боддог. Боломж гарангуут ажлаа солиод амьдрах орчноо солиод явж байсан нь нэг бодлын миний залуу байсан, ганц бие байсантай холбоотой байх. Харин одоо эндээ гэр бүлтэй болсон, аав болсон гээд арай хариуцлагатай байна гэж бодож байна. Яагаад ч юм өөр улс руу тэр тусмаа Америк руу ч юм уу явъя гэж ер боддоггүй.
Энд дөнгөж ирсний дараа бэрхшээлтэй санагдаж байсан зүйл гэвэл соёлын ялгаа байсан. Тайваньд 4 жил болчихсон, Японд 3 жил болчихсон гээд зүүний соёлтой газар байсан хүн яах аргагүй сонин болсон. Жишээ нь тэнд хэзээ ч ажлынхаа менежертэйгээ миний буруу, чиний буруу гэж ярьдаггүй. Гэтэл Австралид хамаагүй чөлөөтэй. Харилцаа гэдэг зүйл энд шал өөр. Нэг зүйлийг яагаад зөв гэж бодож байгаагаа, эсвэл буруу гэж бодож байгаагаа зөв илэрхийлээд явахад асуудалгүй.
Бас нэг тулгарсан бэрхшээл нь би хэчнээн Тайваньд сурч амьдарч байсан ч хятад хэлээр биш англи хэлээр харьцчихдаг байсан, ер нь л сүүлийн хэдэн жил англиар яриад амьдарч байсан хүн чинь Австралид ирээд эдний Англи хэлийг ойлгохгүй байсан. Нутгийндуу аялга, Aussie англи хэлийг ойлгоход хэцүү байсан.
Австралид ирээд Дэлхийн шилдэг McKinsey Компанид ажилласан. Монголд багадаа хамт сурч байсан найз Тэнгис маань энд Data scientist ажил байна, чи материалаа явуулаад үзээч гэж санал болгоод би CV-гээ явуулаад ярилцлагад ороод тэнцээд ирж байсан. Referral-аар орсон гэсэн үг. Нэлээн ажиллаж байгаад хэдий McKinsey дэлхийн топ компани, цалингийн хувьд ч, тэтгэмжийн хувьд ч санаа зовохгүйгээр бүх юм цаанаасаа сайхан ажилладаг байсан ч дотроос нэг тийм хийхгүй бол болохгүй мэдрэмж төрөөд... Ер нь хэд хэдэн компанид ажиллаж байсны хувьд байгууллагууд ер нь хиймэл оюун ухаан дээр үр ашиггүй баахан мөнгө үрдэг юм байна гэж хардаг байсан л даа. Тэгээд хиймэл оюун ухааныг илүү хүртээмжтэй болгоё, ямар нэгэн код нтр бичилгүйгээр амархан угсарчихдаг байхаар хийе гэж зориод Mazaal AI платформыг бүтээсэн.
![](https://static.wixstatic.com/media/102f53_1e1b484c82e8427cae48acee41e83d98~mv2.png/v1/fill/w_980,h_481,al_c,q_90,usm_0.66_1.00_0.01,enc_auto/102f53_1e1b484c82e8427cae48acee41e83d98~mv2.png)
Японд ажилладаг байсан компани маань консалтингийн компани байсан. Тэр үедээ яаж Product Oriented Company болох вэ гээд ярьж байх үед нь би хиймэл оюун ухааны судалгаа хийж таарсан юм. Тэрийгээ дэлхийн алдартай ACL Сonference-д явуултал зөвшөөрөгдчихсөн. Тэгэхээр нь уг судалгаан дээрээ үндэслээд захирлуудыгаа ятгаж, ойролцоогоор 300 мянган долларын санхүүжилт авч байгаад Япон хэл дээрх хамгийн анхны хиймэл оюун ухааны модель буюу Chat GPT-тэй төстэй тийм хиймэл оюун ухааны анхны моделийг япон хэл дээр сургаад олон нийтэд гаргаж байлаа. Хэчнээн эзэмшигч нь миний биш компанийн нэр дээр гарч байгаа модуль ч гэлээ би цалингаа аваад явж байгаа ажилтан хүн ийм зүйл хийчихлээ гээд өөртөө бол Spark үүсчихсэн байсан. Би зориглоод үзвэл ер нь чадах юм байна гээд өөртөө ч итгэлтэй болоод байсан ч бас компаниасаа гарна гэхээр зориг хүрэхгүй, бас би чинь юу билээ хаана байгаа билээ, хаа байсан Японд, Япон хэлгүй байж юу хийх билээ гэж бодогдоод. Угаасаа Японы соёл, бизнес нь эх хэл дээрээ итгэлцэл дээр явагддаг, удаан зэргийг бодож үзээд өөрийн старт-апаа эхэлж чаддаггүй байсан юм.
Mazaal AI платформ албан байгууллагуудын хиймэл оюун ухааныг сургая, өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлье гэхээр хэд хэдэн асуудалтай тулгардгийг шийдэж өгсөн. Жишээ нь хиймэл оюун ухааны инженер, Data scientist ч юм уу мэргэжлийн хүмүүс хэрэг болдог, дэд бүтэц буюу маш их хэмжээний сервер хэрэг болдог, бас тэр нь их үнэтэй болдог гэх мэт асуудлууд тулгардаг юм. Харин манайхыг ашиглахад өөрсдийн мэдээллээ оруулаад хэдэн товчлуур дараад л хиймэл оюун ухааныг өөрсдийнхөөрөө сургаад ашиглаж болно гэдэг нь маш том давуу тал. Манайх дотроо нийт 128 апликэйшн сайттай интеграци хийгдсэн байгаа. Мөн хэн нэгний оруулсан мэдээлэл хадгалагдахгүй буюу Zero trust байгууллага. Энэ нь хэн ч, ямар ч мэдээлэл оруулаад боловсруулаад гаргалаа гэхэд манай дээр оруулсан мэдээллээс юу ч үлддэггүй гэсэн үг.
![](https://static.wixstatic.com/media/102f53_c8ed4a210ebe484ead9dc52643839c4a~mv2.jpg/v1/fill/w_980,h_653,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/102f53_c8ed4a210ebe484ead9dc52643839c4a~mv2.jpg)
![](https://static.wixstatic.com/media/102f53_e399e301d16b4e9d941ab048da84e32d~mv2.jpg/v1/fill/w_980,h_653,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/102f53_e399e301d16b4e9d941ab048da84e32d~mv2.jpg)
Гадуур энэ хиймэл оюун ухаан бүхнийг чадаад байна гэх худлаа мэдээлэл их байдаг. Гэхдээ бодит байдал тийм биш. Наад захын арван жилийн олимпиадын бодлого, алгебрын бодлого зэргийг чадахгүй байгаа тохиолдлууд байгаа.
Одоо энэ цаг үед уул уурхай, хөдөө аж ахуй гээд бүхий л салбарт технологи холбогддог болсон. Технологи гэдэг маань өөрөө маш том салбар, дотроо бас хэд хэдэн төрөл болоод хуваагдаад явдаг. Миний ажилладаг хиймэл оюун ухааны салбар гэхэд надад миний хийх ажлын 30-аад хувийг хийгээд өгдөг болчихоод байна. Тэгэхээр ирээдүйд юу болохыг хэлж мэдэхгүй ч ямартаа ч энэ салбар бол ойрын 10 жилдээ лав маш эрэлттэй байх нь хэвээр байх болов уу гэж бодож байна. Угаасаа бүх зүйлд IT ямар нэгэн байдлаар хэрэг болж байгаа. Гэхдээ сая Ковидын үеэр нэлээд их компани IT чиглэлийн ажилчдаа цомхотгож цөөллөө. Одоо хүртэл ингэж байгаа газрууд ч байна. Гэхдээ энэ нь ажилчид муудаа биш өмнө нь шаардлага гарангуут ажлын байр үүсгэж, хүмүүс ажилд авдаг байсан нь Ковидын дараа яг үнэхээр шаардлагатай юу гэдгийг бодоход хүргэсэн гэж боддог.
Би ер нь Тайваньд байхын, Японд байхын ажлын түр визтэй байдаг байсан. Австралид ирэхдээ бас ажлын спонсор 482 гэдэг визтэй ирж байсан. Харин гэрлэснийхээ дараа эхнэрийнхээ ПР визний дагалдан болсон. Визээ өөрчилсөн нь бас энэ ажлаа хийхэд дэм болсон. Учир нь хэрвээ би хуучин 482 визтэйгээрээ байсан бол би заавал тухайн байгууллагатаа ажиллах ёстой болохоор Mazaal AI платформоо хийх боломжгүй болох байсан. Угаасаа энэ бүхнээ эхнэртэйгээ ярилцаж байгаад л шийдэж байсан.
![](https://static.wixstatic.com/media/102f53_9a44a59713454f59be2bea765646e9f9~mv2.jpg/v1/fill/w_980,h_1081,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/102f53_9a44a59713454f59be2bea765646e9f9~mv2.jpg)
Өөрийн Старт-ап компаниа Австралид байгуулаад ажиллаад явж байхад сул тал бас байна. Австралийн зах зээл өөрөө бас тийм ч том биш. Америкт эхлүүлэх энд эхлүүлэх хоёрт бас зөрүү нэлээн байдаг. Эндэхийн старт-ап компаниуд хүртэл Америк руу гарах сонирхолтой байдаг. Тийм болохоор энэ талаа бас бодох хэрэгтэй. Эдийн засаг талаасаа бас нэг санаа гаргаж тавиад хэрэгжүүлээд явлаа гэхэд худалдаж авах чадамж болоод худалдан авах сэтгэлгээ нь бэлэн байдаг шиг санагддаг. Энд бол эрсдэлээ хардаг, шийдвэр гаргах явдал удаан гэхээр ч юмуу тийм зүйл ажиглагддаг. Нөгөө талаасаа хөрөнгө оруулалтын орчин нь хүртэл Америктай харьцуулахад хамаагүй жижигхэн. Бас старт-ап компаниудад хөрөнгө оруулах хэмжээ нь хүртэл харьцангуй бага.
Харин давуу талуудаас гэвэл старт-апуудаа бодсон бодлогууд байдаг. Жишээ нь Улсын Засгийн газрын болон мужаас хамаарсан тусламжийн хөтөлбөрүүд. NSW-д гэхэд хэд хэдэн хөтөлбөрүүд байдаг. Тэдгээрийн нэг нь MVP ventures гээд буцалтгүй тусламж. Манайх уг хөтөлбөрт материалаа явуулаад тэнцээд эхний байдлаар тэтгэмжээ авсан байгаа. Засгийн газрын энэ тэтгэлгүүдийн онцлог нь компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй учраас амар байдаг. Австралиас гарсан Canva хүртэл анх MVP тусламжийг авч, эхэлж байсан.
Үүний дараагаар авч болох бас хэд хэдэн ийм тэтгэмжүүд байгаа. Жишээ нь Австралиас гадагшаа экспортолмоор байна аа гэвэл тэрэнд зориулсан экспорт тэтгэмж байж байх жишээтэй. Тэр нь 2 сая орчим доллар байдаг шиг санагдаж байна. Иймэрхүү боломжууд бас байдаг шүү гэдгийг сонирхогч залуусдаа хэлмээр байна.
Манай Mazaal AI Remote only компани. Дэлхийн хаанаас ч технологи л байвал ажиллаж болох оффисын шаардлагагүй ажилладаг гэсэн үг. Энэ нь өөрөө манай салбарын нэг давуу тал. Дубайд манай дизайны мэргэжилтэн, Энэтхэгт хиймэл оюун ухааны инженер, Монголд 3 инженер байна. Ингээд ажиллаж байхад цагийн зөрүүний асуудал гардаг. Энийгээ сайн зохицуулаад, төлөвлөөд, өөрсдийн дүрмээ гаргаад ажиллачихдаг, тэгэхээр өөр асуудал бол байдаггүй. Миний мэдэх гадны ийм компаниудад ажилладаг, доллараар цалингаа авдаг, Монголдоо амьдардаг хүмүүс бас нэлээн хэд бий.
Манай Монголчууд чаддаг чаддаг зүйлээрээ энд байгаа салбарууд руу өөртөө итгэлтэйгээр сайн орох хэрэгтэй гэж боддог. Манай Монголтой харьцуулахад эдний зах зээл маш том шүү дээ гэдгээ ухамсарлаад, зогсохгүй шантрахгүй, ингэвэл тэгнэ, тэгвэл ингэнэ гээд урьдчилан тооцоолоод үзээд л байх хэрэгтэй. Энд угаасаа зах зээл нь 100 газар руу анкетаа явуулахад 99 нь юмуу 90-ээс дээш газар хариу өгөхгүй байх эсвэл үгүй гэж хэлэх нь тодорхой байхгүй юу. Ингээд явах хоорондоо л зүрхээ үхүүлж, шантарч болохгүй. Боломж бол байдаг шүү гэж хэлмээр байна. Бас эндхийн энэтхэг коммунити, хятад коммунити-ийнхэн нэгнээ тултал дэмждэг, коммунити дотроо нэгнийгээ ажилд оруулах нь ч элбэг. Японтой харьцуулахад Австралийн Монголчууд хоорондоо илүү найрсаг санагддаг. Орон орны соёлоосоо болдог байх. Тиймээс энэ ч утгаараа манайхан нэгнээ дэмжээд өгвөл бүр сайхан. Энэ утгаараа Whats-up дээр Mongolian Aussie Connect гээд групп байгуулсан байгаа.
Цаашдаа IT чиглэлээр явах бодолтой залуустаа хандан мэргэжлийн чадвараас гадна өөрөө салбартаа сонирхолтой, тууштай, өөртөө итгэлтэй, софт скиллтэй, харилцааны чадвартай байх нь давуу талууд шүү гэж хэлмээр байна. Мөн Монголоос ирэх гэж байгаа хүмүүс бол англи хэлээ сайжруулах боломжоо тэндээ бас сайн ашиглаарай, энд ирсэн ажиллаж байгаа бол өөрийгөө гололгүй идэвхтэйгээр анкетаа явуулаарай гэж хүсье.
Comments