top of page

A.Нина - Vic Park Psychology сэтгэл зүйн төвийг үүсгэн байгуулагч, сэтгэл зүйч



Аавынхаа зөвлөгөөг дагаж сэтгэл зүйч мэргэжлийг сонгосон.


Би Улаанбаатар хотод төрж, өссөн. Ээж аав маань хоёулаа Завхан аймгийн хүмүүс. 1989 онд 10 жилийн 3-р сургуулийг төгсөөд Герман руу бэлтгэлд явсан. Би өөрөө бол арван жилдээ тоо, физиктээ сайн байсан болохоор тоогоор явна л гэж боддог байсан. Гэсэн хэдий ч, их сургуульдаа орж нэг жил сурчхаад аавынхаа үнэтэй зөвлөгөөг дагаж сэтгэл зүйч мэргэжлийг сонгож байлаа. Германд суралцах хугацаандаа би нөхөр Санжаадоржтойгоо танилцаж, амьдралынхаа нэгэн том алхмыг хийж гэр бүл болсон юм. Бид анх Өмнөд Австралийн Адилэйд хотод 2006 онд ирж 7 жил амьдарсныхаа дараа Баруун Австралийн Перт хотод нүүж ирж байсан. Энд цаг агаарын хувьд Монголтой төстэй, бас цагийн зөрүү байдаггүй нь таалагддаг.

 

1980-аад оны үед Зүүний орнуудад сэтгэл засал академик түвшинд хараахан хөгжөөгүй, сэтгэл заслын эмчилгээ болон зөвлөгөөний талаар ойлголт бараг байгаагүй үе байлаа. Тухайн үед Зүүн Герман, Монгол хоёрын оюутан солилцооны хөтөлбөрөөр би Германд суралцахаар очсон. Тэнд би барууны 100 гаруй жилийн баялаг түүхтэй сэтгэл судлалын шинжлэх ухааныг судалж эхэлсэн. Европын их сургуульд сэтгэл судлал сурах нь барууны хэв маягийн сэтгэл зүйг ойлгож, эзэмшинэ гэсэн үг байв.


Германд би 10 жил суралцаж, амьдарсныхаа дараа Монголдоо буцаж ирсэн. Барууны боловсрол эзэмшиж, Азийн орны сэтгэлгээтэй ажиллах нь өөрийн гэсэн өвөрмөц сорилтуудтай байсан. Тухайн үед би Анагаахын дээд сургуульд "Эрүүл мэндийн сэтгэл зүй" хичээлийг зааж, мөн Хавдрын эмнэлэгт гурван жил ажилласан. Энэ бүх хугацаанд сэтгэл зүйн шинжлэх ухаан, практик хоорондын уялдаа холбоог илүү гүнзгий ойлгож, Монголын онцлогт хэрхэн нийцүүлэх вэ гэдэг талаар ихийг бодож, судалдаг байлаа. Хичээл зааж байсан хүний хувьд манай сэтгэл зүйн салбар барууны сэтгэлгээтэй нийлж хөгжсөн гэж боддог. Гэхдээ барууны бүх зүйлийг шууд хуулбарлах нь үр дүнтэй биш. Өрнө, Дорнын сэтгэлгээний онцлогийг хослуулан, давуу талуудыг агуулж, уламжлалт үнэт зүйлсээ хадгалан хөгжих нь хамгийн зөв зам гэж боддог.

 

Гэр бүлээрээ гадаадад ажиллаж амьдаръя гэж ярилцаад тэр дундаа Австралийг гэж сонгоод анх шийдвэрээ гаргаж байлаа. Германд их сургууль төгсөж мэргэшсэн нь Австралид хүлээн зөвшөөрөгдөж Англи хэлний шалгалтаа өгч тэнцсэнийхээ дараа, шууд ажиллах нөхцөлтэйгөөр визээ аваад нөхөр 2 хүүхдийн хамт ирж байлаа.




Олон үндэстний орон гэгддэг Австралид анх ирээд янз бүрийн үндэстний өвчтөнүүдтэй ажиллахад надад хүндрэлтэй санагдсан зүйл бараг байгаагүй. Европ болон Монголдоо ажиллаж байсан туршлага, бас дээр нь орон орны хүмүүстэй ажиллах нь өөрт минь сонирхолтой санагддаг болохоор тэр байх . Хамгийн гол нь, англи хэлээр ойлголцож чадаж байвал хүн гэдэг нь хаана ч адилхан байдаг тул хүндрэл төдийлөн гарч байгаагүй. Миний мэргэжлийн онцлог нь ямар ч хэлээр сурсан байсан хүнтэй хүний хэлээр ойлголцож чадаж байх нь чухал учраас миний хувьд асуудалгүй байдаг гэж боддог. Австралид ирснээсээ хойш би улсын байгууллагын сэтгэл зүйн тусламж үйлчилгээ болон нийгмийн хангамжийн оношилгооны чиглэлээр голчлон ажиллаж байгаад 10 жилийн өмнө өөрийн хувийн сэтгэл зүйн эмчилгээний газраа байгуулсан. Манай төвд өрхийн эмнэлгээсээ (GP) бичиг авсан хүмүүс ч ирж үйлчлүүлэх боломжтой байдаг.


Хүн ямар хэлээр ярьдаг, ямар үндэстнийх байхаас үл хамааран хүн төрөлхтөн гэдэг утгаараа хүний хэл буюу сэтгэлийн хэлийг чухал зүйл гэж боддог.

Австралид сэтгэл заслын эмчилгээ сайн хөгжсөн, улсаасаа даатгалтай байдаг. Австралийн байнгын оршин суугчид болон иргэд өрхийн эмчээсээ бичиг аваад сэтгэл зүйчтэй уулзахад даатгалаас нь хөнгөлдөг. Мөн гадаадаас ирсэн оюутнуудын хувьд хувийн эрүүл мэндийн даатгалаараа хөнгөлүүлж болдог. Аль ч даатгал буюу улсын болон хувийн эрүүл мэндийн даатгалууд болно. Австралид хуулийн дагуу хөдөлмөр эрхэлж л байгаа бол визнээс хамааралгүйгээр бүх хүмүүс жилдээ 6-8 удаа сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үнэгүй авах эрхтэй байдаг тул үүнийгээ ашиглаж байгаарай.


Хүний ярьсан зүйл нууцлалтай байдаг тул ажлын байр руу нь мэдэгдэнэ гэж байдаггүй. Тийм болохоор албан байгууллагынхаа сэтгэл зүйн тусламж үйлчилгээндээ хандаад өөрөө болон гэр бүлийн хүнээ эсвэл хүүхдүүдээ ч хамруулж болдог.

 

Мэргэжлийн хандлага хувь хүнийхээ хандлагатай зөрчилдөх нь миний хувьд маш ховор. Хүний амьдралыг харах үнэт зүйлс нь эзэмшсэн мэргэжлийнхээ үнэт зүйлстэй ойр байх нь үнэхээр чухал санагддаг. Миний хувьд хувь хүний минь зан чанар мэргэжлийнхээ хандлагатай зөрчилдөх зүйл хааяа л гарна уу гэхээс барагтай бол тийм зүйл тохиолдохгүй дээ. Хүн ер нь өөрөө ямар ч ажил мэргэжилтэй байсан ажил амьдралын тэнцвэрээ барьж сурах нь их чухал. Би хагас сайн өдөр болгон 5 км гүйдэг, хааяа халуун иогоор хичээллэдэг. Бас сайн дурын ажил хийх нь өөрт таашаал авчирдаг болохоор сайн дурын ажлуудад оролцдог нь сэтгэл зүйн давуу талууд болдог.


Манай мэргэжлийн хувьд жил бүр лицензээ сунгуулдаг буюу мэргэжлийн шаардлагуудаа заавал жил бүр хангах ёстой байдаг. Энэ нь зөвхөн мэргэжлийн ур чадвараа байнга сайжруулахад төдийгүй өөрийн сэтгэл зүйн эрүүл байдлаа хадгалахад чухал нөлөөтэй байдаг. Лиценз сунгах явцад бид өөрөөсөө илүү түвшний болон бусад сэтгэл зүйч нартайгаа уулзаж, туршлагаа хуваалцахаас гадна, өөрийн мэргэжлийн үйл ажиллагаагаа хөгжүүлэх боломжтой болдог.

Австралид ирсэн хүмүүс дасан зохицоход асуудалтай байгаа бол өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх, харьяалагдах мэдрэмж дутагдсаных.

Хүн чинь орчинтойгоо холбогдож амьдардаг амьтан гэдэг утгаараа оюун санаагаараа, биеэрээ гээд олон зүйлээр дасан зохицох хэрэг гардаг. Харин бид дасан зохицох тал дээр асуудлаа өөрсдөө хүндрүүлчихдэг. Жишээ нь шувуу нисэж байгаад газарт буухдаа тэнгэрээс газарт дасан зохицохын тулд хөлөө буулгаж шилжиж ордог. Өвөл байж байгаад зун болоход хаврын улирал дунд нь байдаг шиг. Харин бид ийм зугуухан шилжих энэ дасан зохицлыг дотоод программаараа хүндрүүлэх эсвэл хөнгөрүүлж байдаг. Нэгэнт хүн өөрөө нүүгээд ирсэн бол анх яагаад ирсэн бэ? гэдэг анхны шалтгаан байгаа. Түүнээс болоод нүүх буюу шилжих хөдөлгөөнд орж өөр газар дасан зохицох процесст орж байгаа. Харин энэ үедээ оюун санаагаараа өөртөө туслах уу, туслахгүй юу, хүндрүүлэх үү эсвэл амархан болгох уу гэдгээ шийдэж байгаа гэдгээ мэдэх хэрэгтэй. Бид гадаад орчныг өөрчилж чадахгүй харин өөрийн санаа бодлоо бол өөрчилж чадна. Үүний адилаар өөрийн бодолдоо анхаараад энэхүү үйл явцыг хөнгөнөөр чиглүүлж болно. Сөргөөр бодвол хүндэрнэ, эергээр бодвол хөнгөрнө гэсэн үг.


Эрүүл байхад эрүүл гормон хэрэгтэй байдаг тул өөртөө эерэг гормон ялгарахад нь туслаарай. Эрүүл гормон үйлдвэрлэх аргуудад суралцах хэрэгтэй. Орчныхоо хүмүүстэй танилцах, өөрийгөө хүрээлэлд оруулах тэр тусмаа өөртэйгөө гарал үүсэл нэгтэй ижил үндэстний хүмүүстэй уулзах нь харьяалагдах мэдрэмж авахад тустай. Бас ямар нэг сонирхлынхоо клубт нэгдэх нь хүний харьяалагдах хүслийг хангахад тусалдаг. Дугуйг дахин нээх хэрэггүй гэж ярьдгийн адилаар шинэ ирсэн Монголчууд маань өөрсдөө бүх зүйлийг нээж үзье гэхгүй энд түрүүлж ирсэн Монголчуудтайгаа уулзаж туршлага асууж байгаарай, амархан дасан зохицоход тусална шүү гэж хэлэх байна. Бас эндхийн найз нөхөдтэй болж Австралийн соёлыг сурах хэрэгтэй.



Томчуудын нэгэн адил хүүхдүүд ч бас ийм шилжилт хөдөлгөөний үед асуудалтай учирдаг. Хүүхэдтэйгээ хамт нүүгээд ирлээ гэхэд хүүхэд гол сонголтыг хийгээгүй байж таараа. Хүүхдүүд бүх зүйлээ, юу мэдэрч байгаагаа хэлэхдээ муу. Бидний хувьд бас ийм замыг л туулж хүүхдүүд маань багадаа ирсэн. Анх ирэхэд хүүхдүүд маань эмээ өвөөтэйгөө л хамт байхыг хүссэн. Бид хүүхдүүдийнхээ төлөө гээд гадаадад нүүх шийдвэрийг бусдын л адил гаргаад ирж байлаа.


Ээж аавын шийдвэрээс болоод хүүхэд хямралд өртдөг. Аав ээжийн болон орчны нөлөөлөл зэргээс үүссэн тэр хямрал тэр чигтээ хүний сэтгэл зүйд байж л байдаг, түүнийг нөхөх хэрэгцээ ч бас. Хүн насаараа тэрийгээ тээсээр явдаг. Монгол төлөвшил соёлд байж байгаад өөр соёлд ирэх нь ондоошлын хэрэгцээ үүсгэчихдэг. Бидний ДНК-т Монгол байгаа цагт бидний дотор тэр хэрэгцээ байж л байдаг. Тиймээс бид хүүхдүүдийнхээ тэрхүү хэрэгцээг тойглож л байх хэрэгтэй. Энэ нь таны хүүхэд хожим нь эх хэлээ мартах, соёлоо үгүйлэх зэргээс сэргийлнэ.


Үүнийг үйл ойшоож явснаар олон жилийн дараа хүүхдүүд болон ээж аавуудын дунд дотно зүйлсээ ярилцах гэхээр ойлголцохгүй байх асуудал гарч ирдэг болчихдог. Миний нэг үйлчлүүлэгч өөрийн төрөлх хэлээрээ тав, зургаахан үг л мэддэг ч, хөгшрөөд үндэстний хэрэгцээгээ үгүйлээд өөрийн төрөлх нутаг руугаа явж, ах дүүтэйгээ уулзаж, соёлоосоо суралцахаар явсан байдаг. Өөр нэг үйлчлүүлэгч маань ээжтэйгээ хамт Австралид анх ирж энд өссөн ч төрөлх хэлээрээ ярьж чаддаггүй, сураагүй. Гэтэл ээжтэйгээ хямарсан үедээ ярилцах гэхээр ээж нь Англиар сайн ярьж чадахгүй, тэр болгоныг нь ойлгохгүй тул тэр гэр бүлд асуудал гарч ирсэн байгаа юм. Энэ бол сэтгэл санааны холбоо үүсгэж чадахгүй болохын жишээ.


Нийгмийн үйл ажиллагаанд оролцох дуртай, бас өөрөө гадаадад амьдарч байгаа Монгол ээж хүний хувьд Монгол сургуулийг Перт хотод байгуулсан.

Учир нь бидний Монголчуудын хувьд гадны оронд шилжин амьдрах туршлага сүүлийн 20 гаран жилийнх. Нэг ёсондоо шинэ туршлага гэсэн үг. Тийм болохоор үндэстний ийм хэрэгцээ хэрэгтэй юм байна гэдгийг би сэтгэл зүйч хүний хувиар дээрх жишээнүүдээс харж ойлгоод өөрийн эрхгүй хийхийг хүссэн юм. Энэ нь нөгөө харьяалагдах мэдрэмжийг өгөхөд ч тустай. Бидний хувьд эх хэлээ хамгаалж, соёлоо үлдээх нь үндэстнийхээ өмнө хүлээсэн хариуцлага гэж боддог. Бидний энэ туулж байгааг энд амьдардаг бусад үндэстнүүд аль хэдийн туулаад үндэстнийхээ сургуулийг байгуулж, соёл заншлаа түгээх, уламжлуулах замыг аль хэдийн хийчихсэн явж байна. Хүмүүсийн энэ хэрэгцээг Австралийн засгийн газраас ойлгож, маш сайн дэмждэг. 


Манай Монгол сургууль долоо хоногт нэг удаа хичээллэдэг. Соёлын үнэт зүйлээ өвлүүлэх, зааж өгөх тал дээр ажилладаг. Монголчууд бичиг цаасан дээр үлдээгээгүй ч, амнаас ам дамжуулан үндэстнийхээ өвийг үлдээж чаддаг ард түмэн. Тийм ч учраас Монгол үндэстэндээ харьяалагдах, түүгээрээ бахархаж явах мэдрэмж нь бусад орны хүмүүстэй харьцуулахад хамаагүй хүчтэй, өндөр байдаг юм шиг санагддаг. Тэрийгээ гээх мэдрэмж нь хагацал байхгүй юу. Монгол хэлээрээ ярьсан чинь гоё байна шүү... гэж хүүхдүүд өөрсдөө хэлж байгаагаар нь тэд ч бас соёлын шоконд ордог, соёл нэгтэй орчноо үгүйлж хямарсан байдгийг анзаардаг. Энэ нь эх хэлээ үгүйлсэн байгааг илтгэж байгаа юм. Тиймээс 7 хоногт нэг удаа ч болов дассан орчныг нь мэдрүүлэх нь хүүхдээ амархнаар дасан зохицоход нь тусалж байгаа хэлбэр юм.

 

Ирээдүйн хамгийн том зорилго маань докторын ажлаа амжилттай дуусгах явдал юм.

Монголд Хавдар судлалын Үндэсний төвд эмчилгээний чиглэлээр ажиллаж байсан туршлагадаа үндэслэн, архаг өвчлөлийн менежментийн талаарх судалгаа хийхээр шийдсэн. Одоогоор би "Өвдөлтийн үеийн цогц менежмент" сэдвээр докторын ажлаа хийж байна. Архаг өвчтэй хүмүүс олон төрлийн бие махбодын болон сэтгэл зүйн асуудалтай тулгардаг. Байнгын өвдөлтийн мэдрэмжээс гадна нойргүйдэл, эмийн хамаарал, түүнээс үүдэлтэй бусад бэрхшээлүүд нь өвчтөний амьдралын чанарт ихээхэн нөлөөлдөг. Жишээлбэл, тухайн хүний өвдөлтийн бодит үнэлэмж нь 1 байлаа ч, сэтгэл зүйн тусгалын үр дүнд энэ нь 9 болж мэдрэгддэг.


Гэвч хүний биологийн систем, тухайлбал оюун санаанаас ялгардаг эерэг гормонуудыг нэмэгдүүлэх замаар өвчтөний сэтгэл зүйг дэмжих нь өвдөлт мэдрэх мэдрэмжийг бодит байдалд илүү ойртуулж чадна. Үүний тулд өвчтөнүүд болон эрүүл мэндийн салбарт ажиллаж буй сэтгэл зүйчид, сувилагчид, асрагчид, эмч нар, биеийн тамирын болон физик эмчилгээний мэргэжилтнүүд, хоол зүйчид зэрэг өргөн хүрээний мэргэжилтнүүдэд зориулсан цогц сургалт зохион байгуулах шаардлагатай гэсэн үг. Ингэснээр өвчтөнүүд өөрсдийн эрүүл мэндийн асуудлаа гартаа авна гэсэн үг.


Хүн өвдвөл эмчээс тусламж авдаг ч, эмчийн тусламж хязгаартай байдаг. Харин дээрх олон төрлийн бусад мэргэжилтнүүдээс тусламж аваад дотоод итгэл үнэмшил нь хүчтэй байхаар эерэг гормон ялгараад өвчнөө даван туулах процесс илүү хурдан байх боломжтой болно. Хүн өөрөө дотроо бас нөөцтэй. Амьдралынхаа хугацааг өөрөө уртасгаж чадах тухай судалгаа байдаг. Тиймээс хүн сэтгэл зүйн хувьд хүчтэй байхад мэдрэмж нь илүү хурдан сайжрах болно. Энэ л докторын ажлын маань зорилго.


 

Шинээр ирсэн олон Монголчуудтайгаа уулзаж байхад бусдын л адил хямралын үе буюу дасан зохицох асуудал гэр бүл бүрд үүсэж байгаа харагддаг. Дээр хэлсэн зөвлөгөөнүүдээс аваад, гол нь шантралгүй яваарай гэж хэлмээр байна. Австрали бол боломж ихтэй газар. Энд ирээд өөр шинэ мэргэжлээр сурч, шинээр карьераа ч эхлүүлж болж байна. Зүгээр л шантрахгүй л яваарай гэж хэлье. Баярлалаа та бүхэнд.

 

 

 

Comments


© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Social medias

  • Instagram
  • Facebook
  • Youtube

"MonDay Magazine AU" Digital Magazine and Mongolian Community Platform
MonDay 2.0

bottom of page