![](https://static.wixstatic.com/media/102f53_12dd906dc5594da4b56565878dc5c6c6~mv2.jpg/v1/fill/w_980,h_434,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/102f53_12dd906dc5594da4b56565878dc5c6c6~mv2.jpg)
Сүүлийн үед Сидней болон Баруун Австралид хүнийг санаатайгаар хутгалсан гэмт хэргүүд нэмэгдэж, олон нийтийн аюулгүй байдалд заналхийлэх болсон. Өнгөрсөн дөрөв дүгээр сард Сидней хотын "Westfield Bondi Junction"-д зургаан хүн хутгалуулж нас барснаас хойш энэ төрлийн гэмт хэргүүд тасралтгүй гарч эхэлсэн бөгөөд баруун Австралид ч мөн адил өсвөр насны хүүхдүүд бусдыг хутгалахаар завдсан, арван жилийн сургуульд хутгатай халдлага хийнэ гэж заналхийлсэн хэргүүд удаа дараа гарсан байна.
Саяхан л гэхэд, 2024 оны 11-р сарын 25-нд Перт хотын төвд нэгэн эрэгтэй хутгалуулж, хүнд шархадсан хэрэг гарсан. Мөн 2024 оны 12-р сарын 5-нд Фримантл дүүрэгт хоёр залуусын хооронд маргаан үүсч, нэг нь нөгөөгөө хутгалж, эмнэлэгт хүргэгдсэн байна.
![](https://static.wixstatic.com/media/102f53_7286143a56f24db9ab97daebd5d8fa7a~mv2.jpeg/v1/fill/w_980,h_551,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/102f53_7286143a56f24db9ab97daebd5d8fa7a~mv2.jpeg)
Баруун Австралийн засгийн газар олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шинэ хууль хэрэгжүүлж эхэлсэн нь цаг үеэ олсон арга хэмжээ болж байна.
Баруун Австралийн засгийн газар зэвсгийн талаарх хуулиудад шинэчлэлт оруулсан бөгөөд маргаашнаас буюу 2024 оны 12-р сарын 20-ноос хэрэгжүүлж эхлэх гэж байна.
Энэхүү шинэ хуулийн гол өөрчлөлтүүдийн хүрээнд цагдаагийн албан хаагчид зөвхөн олон нийтийн газар гэлтгүй бусад ямар ч газар, бүх нас хүйсний иргэдийг хутга болон бусад зэвсгийг илрүүлэх зорилгоор метал илрүүлэгчээр шалгах бүрэн эрхтэй болсон байна. Үүний зэрэгцээ цагдаа нар гэмт хэрэг гарах магадлалтай бүс нутагт илүү идэвхтэй эргүүл хийж, олон нийтийн газар илүү хатуу хяналт тавих боломжтой болж байгаа юм байна.
![](https://static.wixstatic.com/media/102f53_967b2afe71e141b38361da795b155067~mv2.jpg/v1/fill/w_568,h_720,al_c,q_85,enc_auto/102f53_967b2afe71e141b38361da795b155067~mv2.jpg)
Мөн зэвсгийн шинэ ангилал буюу "Иртэй зэвсэг" гэсэн ангилал бий болгож, эдгээрийг авч явах, эзэмших, худалдах, нийлүүлэхэд илүү хатуу хяналт тавих боллоо. Энэ ангилалд хутга, хэт хурц үзүүртэй багаж хэрэгслүүд багтаж байна. Хууль бус "Иртэй зэвсэг" авч явсан тохиолдолд 12 сар хүртэлх хорих ял, эсвэл 12,000 Австрали долларын торгууль оногдуулах болсон. Мөн түүнчлэн 18 нас хүрээгүй хүмүүст иртэй зэвсэг худалдах, нийлүүлэхийг хориглож, зөрчсөн тохиолдолд 3 жил хүртэлх хорих ял, 36,000 Австрали доллар хүртэлх торгууль ногдуулахаар заажээ.
*Энэхүү шинэ хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор MonDay Magazine Au-ын зүгээс Перт хотод оршин суудаг иргэд, барилгын ажил хөдөлмөр эрхэлдэг залуусыг санамсаргүй тохиолдлоор ажлын багаж хэрэгсэл, цаасны хутга болон бусад иртэй зүйлсийг биедээ авч явахгүй байх дээр анхаарахыг хүсч байна.
Эх сурвалж: Western Australian Government
Comments