![](https://static.wixstatic.com/media/102f53_bf0cf59d16bf4f0d9fbfae337793acfe~mv2.png/v1/fill/w_980,h_732,al_c,q_90,usm_0.66_1.00_0.01,enc_auto/102f53_bf0cf59d16bf4f0d9fbfae337793acfe~mv2.png)
Та Австралид ажилладаг байнгын оршин суух визтэй, эсвэл суралцахаар ирсэн түр зуурын визтэй гэдгээс үл хамааран эндхийн Superannuation буюу тэтгэвэр хэмээх зүйлийг ойлгож, таны санхүүд хэрхэн нөлөөлж болохыг мэдэх нь чухал.
Superannuation нь тэтгэвэрт гарах тэтгэмжтэй адил боловч Австралийн тэтгэврийн тэтгэмжийн тогтолцоо нь Монголынхоос өөр, өвөрмөц онцлогтой. Хэрэв та Австралид ажиллаж байгаа бол та биш таны ажил олгогч орлогынхоо тодорхой хэсгийг таны өмнөөс таны супер сангийн дансанд төлж байдаг юм. Superannuation (цаашид Super гэе) гэж юу болох, энэ сайхан оронд байх хугацаанд танд ямар ашиг тустай болохыг олж мэдье.
Super гэж юу вэ?
Тэтгэвэрт гарна гэдэг нь та ажил хийхээ болих буюу ашиг орлого олохоо зогсоосон гэсэн үг билээ. Тэгвэл Superannuation буюу "супер" гэдэг нь таныг тэтгэвэрт гарснаас хойш амьдрахад тань зориулсан мөнгө бөгөөд үүнийг таны ажил олгогч таныг ажиллаж байх хугацааны туршид таны супер сангийн дансанд төлж байдаг мөнгө юм. Үүний тулд та үндсэн ажилтан буюу TFN-ээр ажилладаг байхад л хангалттай. Мөн таны тэтгэвэр ямар компанийн дансанд, яаж удирдагдаж байгаагаас шалтгаалан хүү бодогдон өсөж байдаг. Энэ нь таныг ажилд орох үеэс эхэлдэг бөгөөд урт хугацааны тэтгэврийн хөрөнгө оруулалт гэж ойлгож болно. ABN-ээр ажилладаг бол эсвэл “супер” мөнгөө нэмж төлөх хүсэлтэй бол сайн дураар буюу нэмэлтээр төлж байж бас болдог.
Ажиллах хугацаанд тань хэдий чинээ “супер” төлөгдөнө, тэр хэмжээгээрээ тэтгэвэрт гарахдаа авах болно. Та энд түр визтэй байсан ч гэсэн энэхүү “супер” сангаа авах боломжтой бөгөөд Австралиас явах үедээ авч болдог.
![](https://static.wixstatic.com/media/102f53_3d14301f74a340a8bf36a832ba970517~mv2.png/v1/fill/w_980,h_646,al_c,q_90,usm_0.66_1.00_0.01,enc_auto/102f53_3d14301f74a340a8bf36a832ba970517~mv2.png)
Өөрт тохирох “Супер” сангаа олох нь, Супер сангийн төрлүүд:
Австралид 500 орчим тэтгэврийн сан үйл ажиллагаагаа явуулдаг. Тэдгээрээс та өөрийн нөхцөл байдалд тохирсон нэгийг нь сонгож, “супер” дансаа нээх боломжтой.Ингэхдээ та тэтгэврийн хуримтлалыг тань нэмэгдүүлэхийн тулд “супер” санг удирдсаны хураамж, даатгал, гишүүдийн тэтгэмж, гүйцэтгэл, хөрөнгө оруулалтын сонголт зэргийг анхаарч үзэн, сонголтоо хийгээрэй. Жишээлбэл, та өндөр өгөөж (илүү эрсдэлтэй) эсвэл илүү аюулгүй байдлын (бага эрсдэлтэй) талаас нь харж, сонгож болно. Хэрэв та хөрөнгө оруулалтаа илүү хянахыг хүсэж байвал өөрөө удирддаг “супер” санг ч (SMSF) сонгож болно.Хэрэв “супер” данс нээх сангаа сонгоход тань тусламж хэрэгтэй бол ATO-н линкээр нэвтэрч, MySuper-ийн бүтээгдэхүүнүүдийг харьцуулж үзээрэй, өөрийн хэрэгцээнд тань нийцсэн санг сонгоход тань тусална.
Comments