![](https://static.wixstatic.com/media/102f53_18edec1355094bfead40f103fbe5d4c8~mv2.jpg/v1/fill/w_980,h_683,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/102f53_18edec1355094bfead40f103fbe5d4c8~mv2.jpg)
Сүүлийн саруудад Австралийн Баруун болон Өмнөд мужуудад хөхүүл ханиалгын* өвчлөл эрчимтэй нэмэгдэж байгаа талаар эрүүл мэндийн байгууллагууд анхааруулж байна. Энэ өвчин нь, ялангуяа нярай болон бага насны хүүхдүүдийн хувьд амь насанд аюултай байж болох бөгөөд вакцинжуулалтын түвшин буурснаар халдвар улам хурдацтай тархаж байна гэж мэргэжилтнүүд онцолжээ.
*эмнэл зүйн нэршил - pertussis
*шинж тэмдгийн нэршил - whooping cough
Баруун Австралийн нөхцөл байдал:
Баруун Австралийн Эрүүл мэндийн газраас мэдээлснээр 2024 оны 10-р сарын байдлаар 220 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийн 78 тохиолдолтой харьцуулахад гурав дахин их байна. Энэ оны эхнээс өнөөг хүртэл нийтдээ 1,000 гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад огцом өсөлттэй тоо юм. Эрүүл мэндийн газрын халдварт өвчний захирал Пол Армстронг вакцинжуулалтын түвшин буурснаас олон нийтийн дархлаа суларч, өвчний тархалтыг хянахад хүндрэлтэй байгааг онцолсон байна. Мөн тэрээр сүүлийн арван жилийн хугацаанд хөхүүл ханиадны улмаас гурван бага насны хүүхэд болон нэг өндөр настан эндсэн тухай тоо баримтыг дурьдсан байна.
![](https://static.wixstatic.com/media/102f53_8b4f80c84d2c45e2a29d04391105cc2c~mv2.png/v1/fill/w_980,h_856,al_c,q_90,usm_0.66_1.00_0.01,enc_auto/102f53_8b4f80c84d2c45e2a29d04391105cc2c~mv2.png)
Өмнөд Австралид нөхцөл байдал улам хүндрэв:
Өмнөд Австралийн Эрүүл мэндийн газрын мэдээлснээр энэ онд хөхүүл ханиалга өвчний 1,349 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны 103 тохиолдлоос 13 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ нь 2016 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд тухайн үед 1,900 тохиолдол бүртгэгдэж байжээ. Эрүүл мэндийн газрын дарга Никола Спурриер хэлэхдээ өвчний тархалтыг хязгаарлахын тулд вакцинжуулалтын ач холбогдлыг онцлон тэмдэглэж, жирэмсэн эмэгтэйчүүд болон бага насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг яаралтай нэмэгдүүлэхийг зөвлөж байна гэжээ.
Хөхүүл ханиалга нь агаар дуслын замаар халдварладаг, өндөр халдвартай өвчин бөгөөд эхэндээ энгийн ханиалтаар эхэлдэг ч хүндэрвэл зогсолтгүй ханиалгаж, амьсгал боогдох аюултай болдог. Энэ нь дархлаа султай бүлгүүд, ялангуяа нярай болон бага насны хүүхдүүдийн хувьд амь насанд ч аюултай байж болохыг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: ABC News, SA Health, WA Health
Comments