![](https://static.wixstatic.com/media/102f53_335f9a4a1fd44b6ab4e23679a496d993~mv2.jpg/v1/fill/w_980,h_655,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/102f53_335f9a4a1fd44b6ab4e23679a496d993~mv2.jpg)
Ахлах дунд боловсролын гэрчилгээ: Австралийн дунд боловсролын гэрчилгээг Австралийн их дээд сургуулиуд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд болон олон улсын хэмжээнд боловсрол олгогчид бүгд хүлээн зөвшөөрдөг. Уг гэрчилгээ нь муж бүрд нэршил нь өөр өөр байдаг. Шинэ Өмнөд Уэльс муж HSC, Викториа дахь боловсролын гэрчилгээ VCE, Квинсланд боловсролын гэрчилгээ QCE, Хойд нутаг дэвсгэрийн боловсролын гэрчилгээ NTCE, Өмнөд Австралийнх SACE, Баруун Австралийн боловсролын гэрчилгээ нь WACE юм. Оюутнууд дунд сургуулиа төгсөхдөө сургалтын хөтөлбөрийн зөвлөлөөс тавьсан шаардлагыг хангасан бол энэхүү гэрчилгээг авах боломжтой байдаг. Эдгээр үнэлгээ нь оюутнуудын сурлагын амжилтыг хэмжиж, дээд боловсрол эзэмших эсвэл ажилд орох боломжийг тодорхойлдог юм.
Хичээлийн жил нь хуанлийн хүснэгтийн дагуу явагддаг бөгөөд ихэвчлэн 1-р сарын сүүл эсвэл 2-р сарын эхээр эхэлж, 12-р сард дуусдаг. Мөн хичээлийн жилийн дөрвөн улиралтай ба улирал бүр 9-11 долоо хоног үргэлжилнэ. Улирлын хооронд ихэвчлэн хоёр долоо хоног үргэлжлэх завсарлага байдаг бөгөөд зуны амралтаараа илүү урт 12-р сарын дундаас 1-р сарын сүүл хүртэл амардаг. Амралтын хугацааны эхлэх ба дуусах огноо нь зарим муж, нутаг дэвсгэрүүдэд бага зэрэг өөр байдаг.
Дүрэмт хувцас, хангамж: Хичээлийн жил эхлэхээс өмнө эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүддээ сургуулийн дүрэмт хувцас, сурах бичиг, бичгийн хэрэгсэл зэргийг худалдан авч өгдөг. Сургууль бүр жигд дүрэмт хувцастай.
Элсэх журам: Австралийн бүх шатны улсын сургуулиуд нь тухайн дүүрэг, харьяаллын дагуу элсэлтийн бүсийг тодорхойлсон байдаг. Та хүүхдээ оршин суугаа газрынхаа хаягийн дагуу харьяа сургуульд нь өргөдөл өгөн оруулж болно. Харин тухайн сургуульд хүүхдийн тоо дүүрсэн бол дараагийн ойрхон сургуульд хандах ёстой болно. Гэхдээ та Олон улсын оюутан бол хүүхдээ сургуульд элсүүлэхийн тулд гадаад оюутнуудтай харьцдаг Улсын боловсролын газартай холбогдох хэрэгтэй ба муж бүр энэ боловсролын газраар дамжуулан хүүхдийн сургуулийн элсэлтийг явуулах ёстой байдаг. Мөн та болон таны сургуулийн насны хүүхдүүд хүчинтэй визтэй байх ёстой бөгөөд элсэлтийн ерөнхий нөхцөлийг хангасан байх ёстой.
Анхаарах зүйл: Мөн түр оршин суугч гэдэг утгаараа оюутны визтэй бол ахлах сургуулийн зарим сонгомол анги эсвэл сонгон шалгаруулалтаар авдаг ахлах сургуульд элсэх эрхгүй байдаг ба эдгээр сургуульд зөвхөн Австралийн байнгын оршин суугч визтэй эсвэл өөрийн орны иргэдийн хүүхдүүдээ л авдаг байна. Аялал жуулчлалын виз эзэмшигч бол хүүхдүүд нь түр оршин суугчдын хөтөлбөрт хамрагдах боломжгүй ч хүсэлт өгөөд 3 сар хүртэлх хугацаагаар сурч болно.
*Өөрөөр заагаагүй бол түр оршин суугчийн сургуулийн насны хүүхдүүдийг хичээлийн жилийн аль ч үед, харьяа дүүргийн бүсийнх нь сургуульд элсүүлж болдог.
Comments