![](https://static.wixstatic.com/media/102f53_c211acd55d7d470d8b3e281213f24032~mv2.jpg/v1/fill/w_980,h_653,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/102f53_c211acd55d7d470d8b3e281213f24032~mv2.jpg)
Австралийн эрүүл мэндийн тогтолцоо нь дэлхийд хамгийн сайн гэж хэлэгддэг орнуудын нэг бөгөөд урьдчилан сэргийлэлтээс эхлээд нарийн мэргэжлийн эмч эсвэл эмнэлгийн тусламж шаардлагатай байж болох бүхий л өвчнийг эмчлэх хүртэлх олон төрлийн үйлчилгээг санал болгодог. Австралийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ манай улсынхаас арай өөр санагдаж магадгүй. Манай улсын хувьд төсвөөс санхүүждэг эрүүл мэндийн тогтолцоотой ба иргэд, оршин суугчид эрүүл мэндийн албан журмын даатгалын санд мөнгө төлснөөр нийтийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо үйл ажиллагаагаа явуулдаг. Харин Австралийн эрүүл мэндийн тогтолцоо нь нийтийн эрүүл мэндийн систем (Medicare гэгддэг) болон хувийн эрүүл мэндийн систем гэсэн хоёр системийн холимог байдлаар илүү хөгжсөн.
Австралийн эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр үнэтэй ч, иргэд нь Medicare-ээр дамжуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй эсвэл хөнгөлөлттэй үнээр авдаг. Medicare нь ерөнхий татвар, Medicare Levy (орлогын татвар) болон засгийн газрын орлогын бусад эх үүсвэрийг хослуулан санхүүждэг ба 1984 оноос хойш хэрэгжиж буй Австралийн бүх нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хөтөлбөр юм. Medicare нь иргэдийнхээ улсын эмнэлгийн үйлчилгээний бүх зардлыг хариуцдаг ба мөн зарим эмч, мэргэжилтнүүдийн үзүүлж буй эмчилгээ, үйлчилгээ болон хүүхдүүдэд зориулсан шүдний үйлчилгээ зэрэг багтаж болно. Бас зарим жороор олгодог эмийг хямдаар авч болдог. Зарим иргэд Medicare-д хамрагдаагүй зүйлсийг хамруулахын тулд давхар хувийн эрүүл мэндийн даатгалтай байдаг. Medicare үйлчилгээг Австрали улсын иргэд, Австралид байнгын оршин суугч визтэй хүмүүс авах боломжтой. Мөн Их Британи, Ирланд, Шинэ Зеланд, Швед, Нидерланд, Финлянд, Бельги, Норвег, Словени, Мальта, Итали зэрэг улсуудын иргэд Австралитай байгуулсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний харилцан тохиролцсон RHCA гэрээний дагуу Австралид байх хугацаандаа Medicare-ийн тэтгэмж авч болдог.
![](https://static.wixstatic.com/media/11062b_c76f6ffa4c8f460daf4a32382c789e22~mv2.jpg/v1/fill/w_980,h_652,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/11062b_c76f6ffa4c8f460daf4a32382c789e22~mv2.jpg)
Харин Австралид суралцахаар ирсэн оюутнууд болон бусад гаднын орны иргэдийн хувьд эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөгдөх боломжтой байдаг. Австрали улсын цагаачлалын алба оюутан (үндсэн виз мэдүүлэгч) болон тэдний гэр бүлийн хүмүүс (эхнэр, нөхөр, 18-аас доош насны хүүхдүүдийг оролцуулан) заавал гадаад жуулчдын эрүүл мэндийн даатгал буюу Overseas visitor health cover (OVHC) эсвэл гадаад оюутны эрүүл мэндийн даатгал Overseas Student Health Cover (OSHC) авахыг шаарддаг бөгөөд энэ нь тухайн оюутан болон тэдний гэр бүлд гарч болох эрсдэлээс сэргийлж буй хэрэг юм.
Харин энд байх хугацаандаа даатгалгүйгээр эмчид үзүүлэх эсвэл эмнэлэгт хэвтэх шаардлагатай болбол эмчилгээний бүх зардлыг тухайн иргэн өөрөө хариуцах болно, гэхдээ энэ нь маш үнэтэй тусдаг.
Түр оршин суугчдын хувьд визнийхээ нөхцөлөөс шалтгаалж уг хоёр даатгалаас сонгоно. Жишээлбэл, Оюутнууд Overseas Student Health Cover (OSHC) авах шаардлагатай бол виз 482, эсвэл виз 485 зэрэг ажлын виз мэдүүлэгчид Overseas visitor health cover (OVHC) авах шаардлагатай. Мөн жуулчид OVHC авах шаардлагатай байж болно.
OSHC нь ихэвчлэн доорх зүйлсийг хамруулж болдог ба үүнд:
Эмчийн үзлэг (GP)
Зарим эмнэлгийн эмчилгээ
Түргэн тусламж
Эм бэлдмэл
Шинжилгээ
OSHC нь шүд, нүд, физик эмчилгээ зэрэг ерөнхий эмчилгээг хамардаггүй ч хэрэв та эдгээрийг даатгалдаа хамруулахыг хүсвэл OSHC-н “нэмэлт” үйлчилгээг сонгож болно. Дээрх хоёр төрлийн даатгал нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үр ашгийн хувьд ижил төстэй ч визний төрөлдөө тохирсон даатгал худалдаж авах нь зайлшгүй чухал юм.
Хэрэв визний ангилал өөрчлөгдсөн бол та визэндээ нийцүүлэн эрүүл мэндийн даатгалаа тохируулах шаардлагатай болж магадгүй юм.
OSCH санал болгодог даатгалын компаниудын болон эдгээр даатгалуудыг харьцуулав.
Даатгалын компаниудын нэрэн дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Comments