![](https://static.wixstatic.com/media/102f53_e1b1d55c46814d39bcfbe432127c7c45~mv2.jpg/v1/fill/w_980,h_668,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/102f53_e1b1d55c46814d39bcfbe432127c7c45~mv2.jpg)
Манай хоёр улсын албан ёсны дипломат харилцаа 1972 оны есдүгээр сарын 15-нд Австралийн Канберра хотноо хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурснаар эхэлжээ. 1994 онд Австрали Улсын төрийн тэргүүн, амбан захирагч Билл Хэйдэн Монгол Улсад, 1997 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Австрали Улсад тус тус айлчилж байв. Эдгээр айлчлалуудын үр дүнд хоёр улсын алгуурхнаар хөгжиж байсан харилцаа зузаарсан билээ. 2008 онд Монгол Улсын Элчин Сайдын Яам Австралийн Канберра хотноо нээгдэж байсан бол 2011 онд Улаанбаатар хотноо Австрали улсын Консулын газар нээгдэж, улмаар 2015 онд Австрали Улсын элчин сайдын яам байгуулагдсан юм.
1993 оноос Австрали улсын Засгийн газар Монгол улсын боловсролын салбарт дэмжлэг үзүүлэхээр болж Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 700 гаруй Монголчууд "Australia Awards" тэтгэлэгт хөтөлбөрөөр Австрали улсад амжилттай суралцсан тоо байдаг. Австрали Улсын Засгийн газрын сайн дурын хөтөлбөрөөр 1989 оноос хойш олон зуун Австраличууд Монголд сайн дураар ирж ажиллаж ирсэн ба одоогоор Монгол улсад 650 орчим Австрали иргэн, 60 гаруй Австралийн компани үйл ажиллагаа эрхэлж байна. Мөн хоёр улсын Аялал жуулчлалын хүрээнд 2022 оны 7 сарын 1-нээс хойш 12 хүртэлх сарын хугацаагаар Австралид ажиллаж амьдрах боломжтой байдаг "Work and Holiday" визийг жил бүр 100 Монгол залуучуудад олгодог болсон билээ.
Австрали дахь Монголчууд: Өнөөдрийн байдлаар Австрали улсад 25,000 гаруй Монголчууд ажиллаж амьдарч байгаа гэсэн судалгаа байгаа бөгөөд үүний талаас илүү хувь нь оюутны визагаар оршин суудаг байна.
Хүйс | Виза төрөл | Гэр бүлийн байдал |
Эрэгтэй 47,3% | Австралийн иргэн 8,2% | Гэрлэсэн 71,6% |
Эмэгтэй 52,7% | Австралийн иргэн бус 91,8% | Ганц бие 23,2% |
Мөн талаас илүү хувь нь Сидней хотод амьдардаг бол дараагаар нь Мелбурн, Брисбен, Канберра, Перт гэсэн хотууд орж байна.
![](https://static.wixstatic.com/media/102f53_e227be5bbb16437d8c2dafcf77d4aa28~mv2.png/v1/fill/w_980,h_724,al_c,q_90,usm_0.66_1.00_0.01,enc_auto/102f53_e227be5bbb16437d8c2dafcf77d4aa28~mv2.png)
Австралийн тухай товчхон: Австралийн уугуул ард түмэн 65,000 гаруй жилийн турш олон янзын соёл, уламжлалаа тээн тус тивд оршин суусаар ирсэн ард түмэн юм. 1788 онд Британийн колоничлол энд эхэлсэн нь Сиднейн булан (Sydney cove) дахь анхны суурин газрууд байгуулагдахад хүргэжээ. 1901 онд Австралийн холбоо байгуулагдаж улмаар 1986 онд хууль тогтоосноор тусгаар тогтнолоо олж авсан улс юм.
Австрали улс нь дэлхийн 1, 2-р дайнд оролцсон цэргийн бахархам түүхтэй. Шинэ Зеланд улстай хамтран дэлхийн 1-р дайнд оролцож явсан ба мөн улстай 1915 онд Холбоотны хүчний бүрэлдэхүүнд мөр зэрэгцэн хамтдаа тулалдаж явсан цэргүүдийнхээ энхийг сахиулах ажиллагааг хүндэтгэн жил бүрийн дөрөвдүгээр сарын 25-ны өдөр ANZAC өдөр хэмээн тэмдэглэдэг.
Дэлхийн 2-р дайны дараах Европ, Ази, Ойрх Дорнодоос Австралийг чиглэсэн цагаачлалын нөлөөгөөр Австралийн олон үндэстний соёл бий болжээ.
Австраличууд спортод дуртай бөгөөд крикет, регби, газрын теннис зэрэг нь хамгийн алдартай. Австралийн урлаг, уран зохиол, кино урлагийн олон улсад алдартай төлөөлөл нь яруу найрагч, сэтгүүлч Банжо Патерсон, кино найруулагч Баз Лурманн, жүжигчин Николь Кидман, Маргот Робби зэрэг уран бүтээлчид юм. Ерөнхийдөө Австрали нь уугуул иргэдийн өв уламжлал, колоничлолын нөлөө, цагаачлалын бодлого зэргийн хослолоос бий болсон өвөрмөц бөгөөд олон соёлын өлгий нутаг гэж хэлж болохуйц юм. Энэ нь ч олон орны хүмүүс зэрэгцэн амьдрахад хамгийн таатай улсуудын нэг болгож байна.
Comments