top of page

"Хүний гар хүрээгүй онгон зэрлэг байгаль, үзэсгэлэнт нуурууд, гайхамшигт арлууд. Энэ бол Австрали"

Адал явдлыг эрэлхийлэгч эсвэл амарч зугаацахыг хүсэгч хэн бүхэнд зориулсан гэлтэй Тасманийн ширүүн цөлөөс халуун орны диваажин Уитсандэйс хүртэлх эцэс төгсгөлгүй аялах боломжоор дүүрэн 8000 гаруй арлууд Австралид бий.


Баруун Австралийн Хиллиер нуурын сэтгэл татам өнгөнөөс эхлээд Фрейзер арлын Маккензи нуурын толин тусгал мэт ус, гайхалтай нуурууд, дэлхийн хамгийн олон янзын экосистемийг хадгалж үлдсэн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүд, хөхтөн амьтад, хэвлээр явагчид, төрөл бүрийн уугуул амьтад, тэдгээрийн амьдрах таатай орчин, цэцэгт ургамлууд хийгээд эдгээр нийт амьтан ургамлынх нь 80 гаруй хувь нь дэлхийн өөр хаана ч байдаггүй зэрэг нь тус улсын баялаг биологийн олон янз байдлыг харуулж байгаа ба үүгээрээ ч дэлхийн өнцөг булан бүрээс өөрийн нүдээр харж мэдрэхийг хүссэн жуулчдыг ихэд татдаг. Эдгээр гайхамшигт газруудаас өнөөдөр бид Cockatoo арлыг онцолж байна.

Сиднейн боомтын зүрхэнд орших Кокату (Cockatoo) арал нь түүх, урлаг, байгалийн гоо үзэсгэлэнг хослуулсан өвөрмөц онцлогтой. Нэгэн цагт ялтнуудын хорих анги, дараа нь усан онгоцны үйлдвэр болсон тус арал өдгөө ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдэж, соёлын дурсгалт газар болжээ. Кокату арал нь Circular Quay-аас гатлага онгоцоор ердөө 20 минутын зайд оршдог бөгөөд хэрэв тэндхийн түүх танд сонирхолтой санагдвал очиж үзэх нь зүйтэй. Үгүй байсан ч арал нь боомт болон хүрээлэн буй орчны гайхалтай үзэмжийг санал болгодог. Жуулчид 2 цаг орчим үргэлжлэх хөтөчтэй аялалд хамрагдаж арлын баялаг түүхийг танин мэдэх боломжтой.

Нэмж дурдахад Кокату арал нь жилийн турш олон төрлийн урлагийн үзэсгэлэн, наадам, арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд энэ нь нутгийн иргэд, жуулчдын аль алинд нь сонирхол татам байдаг. Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө өдрийн зугаалга, алхалт, шөнийн кемп зэргийг хийх боломж бүхий Кокату аралд зочлоод үзээрэй.

Comments


© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Social medias

  • Instagram
  • Facebook
  • Youtube

"MonDay Magazine AU" Digital Magazine and Mongolian Community Platform
MonDay 2.0

bottom of page