top of page

Ц.Золбоо - Macquarie банкны бизнесийн ахлах шинжээч


Анх 2017 онд Сиднейн Их Сургуульд оюутны гараагаа эхлүүлэхээр Австрали улсыг зорин ирснээс хойш энэ 7 жилийн хугацаанд эрүүл мэнд, банк санхүү, ложистик тээвэр зууч зэрэг салбаруудад нийт 15 өөр ажил хийж үзсэн ба одоогоор Macquarie группт бизнесийн ахлах шинжээчээр ажиллахын хажуугаар бизнесийн шинжээчээр суралцаж байна. 


Би Дархан хотод төрсөн ч, намайг бага байхад манайх Улаанбаатар хот руу нүүсэн юм. Би багадаа Орос цэцэрлэгт явж, Орос 3 дугаар сургуульд сурч байгаад сүүлд Кембрижийн сургалтын хөтөлбөртэй “Шинэ эхлэл” лаборатори сургуульд орсон. Сургуулиа төгсөөд л шууд Сиднейд ирсэн. Анх Сиднейд ирээд “өндөр хариуцлага үүрч ирлээ, хичээлдээ шамдаад, өөр зүйлд цагаа зарцуулахгүй” гэсэн бодолтой л байсан. Таньдаг хүн ч цөөхөн, харин аавтайгаа ирсэн болохоор хамаагүй ханьтай.


Багаасаа гадаадад сургуульд сурна даа гэдэг бодолтой байсан. Ер нь манай “Шинэ эхлэл” сургуулийн хүүхдүүд бүгд гадагшаа явж сурна гэсэн хүсэлтэй байсан гэх үү дээ. 9-р ангиасаа сайн дурын ажил хийж эхэлснээр би ер нь хаашаа явмаар байгаа, юу хиймээр байгаа вэ? гэдгээ эрт ойлгож эхэлсэн гэж боддог. Төгсөх дөхөөд IELTS-ийн оноо, хичээлээс гадуурх үйл ажиллагаа гээд ер нь гадагшаа сургууль хөөцөлдөхөд хэрэгтэй бүх зүйлээ бэлэн болгочихсон. Ингээд төгсөх үед гэрийнхэнтэйгээ ярилцахад охин хүүхэд ганцаараа гадаад орон руу явахад их хэцүү, Монголдоо бакалавраа хамгаалчихвал зүгээр биш үү? гэж ч ярьж байсан л даа. Гэхдээ би гадагшаа явна гээд бүх зүйлээ бэлдчихсэн, их хичээчихсэн байсан учраас заавал явна гэдгээ ч хэлсэн, ээж аав хоёр ч зөвшөөрсөн. Гэхдээ тэр үед аав маань бас суръя гэж шийдээд хамт явахаар болсон. Уг нь би Английн Манчестерийн их сургуульд явахаар бэлдэж байсан ч олон агентлагуудтай уулзаад үзэхэд гэр бүлээрээ явахад хамгийн тохиромжтой нь Англи биш Австрали гээд. Тэгээд Австралийг сайн мэддэггүй, энд амьдарна гэж төсөөлөөгүй байсан ч, богино хугацаанд Англиасаа Австрали нь дээр гэсэн шийдвэрт хүрч байлаа.


Ингээд Австралид ирлээ. Тэгсэн хамгийн эхний хэцүү асуудал нь хэл болчхов. Монголд байхдаа зарим хичээлээ англи хэл дээр үздэг байсан, шалгалтдаа ч давгүй оноотой, гайгүй гээд бодчихсон байсан юм. Визний асуудлаас болоод 2 долоо хоног хоцорч энд ирээд, шууд маргааш нь эхний хичээлдээ ордог юм байна. Чемоданаа тавиад, гадуур жоохон алхаж байгаад л шууд ангидаа ороод суусан. Тэгсэн багш нар нь Австрали аялгаараа маш хурдан яриад эхлэхээр нь би шоконд орж байгаа юм чинь. Юу ч ойлгоогүй. “Ёстой алаад өгье” гээд ирсэн хүн чинь юу ч ойлгоогүй дээ сэтгэлээр унаад, орой нь ээж рүүгээ залгаад бараг буцъя гэх нь холгүй юм болж байлаа. Гэхдээ гадаадад суръя гэж зүтгэсээр байгаад, хариуцлагаа үүрээд ирсэн хүн чинь зүтгэхээс өөр арга байхгүй.



Миний дуртай юм ойр хавьд юу байна? Түүгээрээ дамжуулж хэлний мэдлэгээ сайжруулъя.

Энэ бол миний хамгийн түрүүнд хийх зүйл гэж бодсон юм. Монголд байхдаа би “Монголын улаан загалмайн нийгэмлэг”-т 6 жил орчим сайн дурын ажил хийсэн, түүндээ ч маш их дуртай, өдөр болгон очдог байлаа. Үүнээсээ болоод бараг гадаад явахгүй Монголдоо, энэ хамт олонтойгоо хамт байя гэж хүртэл боддог байсан гээд боддоо. Ингээд Австрали дахь “Улаан загалмайн нийгэмлэг”-т бүртгүүллээ. Гэхдээ нэг өөр зүйл нь Монголд бол сайн дурын ажлыг залуучууд илүү их хийдэг бол энд дандаа тэтгэвэртээ гарсан хүмүүс нь сайн дурын ажил хийдэг юм билээ. Энд ажиллах хугацаандаа олон хүмүүстэй танилцаж, Австралийн соёлтой танилцаж, хэлний мэдлэгээ дээшлүүлж чадсан гэж боддог. Анх Австралид ирж байгаа хүмүүст зөвлөхөд хэлний мэдлэгээ дээшлүүлье гэвэл иймэрхүү сайн дурын байгууллагад орчихвол их хэрэгтэй. Тэгээд ч сайн дурын ажил хийж байгаа хүмүүс илүү хүлээцтэй, өөрт чинь туслах хүсэлтэй байдаг юм шиг санагдсан. Энэ улсад ирсэн эхний 1 сар яалтчгүй нийгмээс нэг л гадуур байгаа юм шиг мэдрэгддэг байсан л даа. Гэхдээ тухтай бүсээсээ гараад, энэ хүмүүсийн дунд нь ороод, айж байсан ч ярилцаад эхлэхээр өөр болчихдог юм байна лээ. Харин 1 жилийн дараа гэхэд хэзээний Австралид удаан амьдарсан хүн шиг болоод эхэлдэг. Дасан зохицох асуудлыг ингэж шийдвэл илүү амар юм шиг санагдсан шүү.


Цагийн менежмент сайтай байхад минь Монголд байхдаа сайн дурын ажил хийх дуртай бас дээрээс нь хичээлийн дүнгээ сайн байлгах хэрэгтэй байдаг байсан маань яалт ч үгүй нөлөөлсөн гэж боддог. Ирэхээсээ өмнө би угаасаа гадаадад очоод маш завгүй амьдарна гэдгээ мэдэж байсан учраас сэтгэл зүйгээ маш их бэлдчихсэн байсан л даа. Энд ирээд хичээлийнхээ хажуугаар ажил хийгээд эхлэхээр үнэхээр завгүй болсон. Google Calendar ашиглаж хэзээ хичээлтэй, хэзээ ажилтайгаа сайн тэмдэглэж, хэзээ надад зав гарахаа хөтлөөд явчихвал зүгээр байдаг. Ингэж хөтлөхдөө өөрт хэрэгтэйгээс хэрэггүй рүү жагсаагаад, ирэх долоо хоног, чадвал сар сараар нь хийх зүйлсийнхээ төлөвлөгөөгөө гаргачихвал их амар санагддаг.


Долоон жил болохдоо нэг ч удаа нутаг руугаа буцаагүй байгаа. Монголоо санана, илүүтэйгээр хөдөө талаа санадаг. Энд агаар, салхи, парк бүгд байгаа ч хортой аалз, могой гээд амьтан ихтэй. Хортой аалз, могойноос айгаад эндэхийн хөдөө явдаггүй болохоор Монголынхоо хөдөө рүү явахыг их хүсдэг. Багадаа хамаатныхаа хүүхдүүдтэй өвөө, эмээгийндээ од тоолоод хонодог байсан үеэ их санана. Бас хүн болгон тэгдэг байж магадгүй, гадаадад явж байх даа нэг гоё юм харчихвал энийг Монголдоо аваачих юмсан, Монголд маань ийм юм байдаггүй гээд их харьцуулна даа. Австралид гэр бүлээрээ цаг өнгөрүүлэх газрууд их байдаг нь давуу талтай. Ажлын газрууд нь ч гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүл гэж их шахдаг юм байна. Тэр талаараа тун давгүй шүү.


“Би энд сурах хугацаандаа хийсэн хамгийн зөв алхам бол энэ оюутан солилцоогоор явах байлаа”

гэж оюутан солилцоогоор явсан хүмүүс өөрсдийнхөө сэтгэгдлийг сургуулийн нэг үйл ажиллагааны үеэр хуваалцаж байсан юм. Би тэр үйл ажиллагаанд эхний жилээ санаандгүй оролцож таараад, төгсөхөөсөө өмнө заавал оюутан солилцоонд явъя гэж шийдээд судалж эхэлсэн л дээ. Ер нь оюутан солилцоо нь семестрийн буюу 3-6 сар, амралтын буюу 1-3 сар явах гэсэн хоёр төрөл байдаг юм билээ. Ингээд Сингапурын Үндэсний Их Сургуульд амралтынхаа үеэр солилцоогоор явахаар хүсэлт гаргаж, тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан. Солилцоогоор явахаар хүн тухтай бүсээсээ гарч, өөрийгөө илүү сайн таньж мэддэг юм билээ. Дараа нь дэлхийн топ сургуулиудын нэг, шинжлэх ухаан, инженерчлэлийн чиглэлээрээ Европын топ 2 сургуулийн нэг болох Швейцарын EPFL сургуульд материалаа өгсөн нь маш өндөр өрсөлдөөн бүхий шалгаруулалтад тэнцэж, явахаар болсондоо маш их баярласан. Хүүхэд байхдаа Улаан загалмай эсвэл НҮБ-д ажиллавал ёстой гоё гэж боддог байсан болохоор томоохон хүмүүнлэгийн байгууллагуудын төв нь байдаг Швейцарын Женев хотод очихыг мөрөөддөг байсан юм. Амьдралын  минь нэг томоохон мөрөөдөл биелж байгаа юм чинь баярлахаас ч яах вэ. Тэнд 6 сар болж ирээд оюутан солилцоонд “донтож” эхэлсэн гэмээр. Ахиад яваад л баймаар санагдаад байдаг юм байна лээ. Ямар сайндаа гэрийнхэн маань зөндөө ийш тийшээ явлаа, одоо нэг газраа жоохон тогтвортой бай гэж байсан ч ахиад нэг гоё программ гарч ирээд 2023 оны сүүлээр Солонгосын Ионсэй Их Сургуульд сурчихаад ирлээ. Уг нь ахиад явбал явмаар л байна. Гэхдээ сүүлийн семестрээ хийгээд дуусаж байгаа болохоор боломжгүй байх. Оюутан солилцоогоор явахад, хүмүүстэй танилцана, олон найзтай болно. Тэдэнд дурсамж үлдээхийн тулд Австралийн ил захидал, жижиг сувинер, Tim Tam ч юм уу амттантай өгөх нь гоё санагддаг. Би өөрөө амттанд их дуртай. Гэрийнхэн маань амттай юмаа боль гэж хүртэл хэлээд л байна. Харин очсон газраасаа өөртөө хөргөгчний соронзон наалт худалдаж авдаг.


"Анхнаасаа ямар ямар зүйлс тохиолдож магадгүй вэ гэдгээ бодоод төлөвлөгөөтэй байх нь чухал"

Манайх ам бүл 6. Гурван дүүтэй, дуу чимээ ихтэй, үргэлж нэг дуу явж байдаг, аав ээж хоёр бүжиглээд, нэг тийм асаад байж байдаг гэр бүл. Гэтэл анх удаа Сингапурт 1 сар солилцоогоор явахдаа гав ганцаараа байж үзэхэд их сонин байсан. Ер нь ганц сар явах юм чинь гээд сэтгэлийн бэлтгэлгүй явчихсан. Очсон хот маань ч гадуур хүн цөөхөн явдаг, нам гүм газар оччихсон. Эхний өдөр бол галзуурах гэж байгаа юм шиг яахаа мэдэхгүй сонин мэдрэмж төрөөд. Өөрийгөө сатааруулах гээд Youtube дээр бичлэгүүд үзээд сууж байснаа гэнэт ер нь би энд Youtube үзэх гэж ирсэн юм уу? гэж бодоод босож хийж үзмээр байгаа зүйлсээ, идмээр байгаа хоолоо бичээд төлөвлөгөө гаргасан. Тэр зүйлсээ хийгээд эхэлсэн чинь сэтгэл санаа өргөгдөөд хамаагүй дээрдсэн.


Очоод би гэрээ санавал яах вэ? Эсвэл бүр ямар ч найзгүй, найз олдохгүй байвал яах вэ? гэдэг ч юм уу учирч болохуйц зүйлүүдээ жагсаагаад түүндээ төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Өөр хэл, соёлтой газар очоод угаасаа эхлээд хэцүү байх болно гэдгээ өөртөө сайн ойлгуулах хэрэгтэй. Бүх сайн сайхныг нь бодоод оччихвол шоконд ороод сэтгэл зүйн хувьд ч дордож магадгүй. Сайн зүйлийг нь бодох ч, мууд нь бас бэлтгэлтэй байх хэрэгтэй гэх юм уу. Ийм бэлтгэлтэй байсан тулдаа дараа нь Швейцарт очиход хамаагүй дээр байсан. Бэлтгэлтэй ирсэн болохоор асуудал үүсээгүй гэж боддог.

Бүр нарийн биш ч ерөнхий 5, 10 жилээр нь зорилго гаргаад тэмдэглээд явж байвал дараа нь зорилгоо хараад өөрийгөө ханах болоогүй гэдгээ мэддэг.

Усан боомтын оффист, сайн цалинтай ажил хийгээд эхлэх үед “за ингээд өндөр цалин аваад ажиллаад болоод байх юм байна”, “хичээлийнхээ хажуугаар ийм ажил хийгээд, ажлаа олчихлоо, одоо сурах хэрэг ч байна уу? гэж бодох, өөртөө ханах гээд байсан үе бий. Ойр тойрны хүмүүсээс харахад ч давгүй ажил олоод сургуулиа хаях тохиолдлууд тэр үед гарч байсан л даа. Гадаадад байгаа хүмүүст их тохиолддог асуудал байх. Гэхдээ бичсэн зорилгоо хараад тэрэндээ хүрэх гэж дайрах хэрэгтэй. Commonwealth банканд орсон ч гэсэн ахиж зорилгоо хараад за одоо дараагийн миний очих албан тушаал юу вэ? гэдгээ хараад ажлаа сольж байлаа.


Шинэ ажил дээр гараад хүн бүрд юуг, яаж, хаанаас нь хийх юм бол? гэдэг асуудал тулгардаг. Австралийн усан боомт дээр ажилд ороход хүмүүсийн мэргэжлийн яриаг сайн ойлгохгүй байх, бас радиогоор сонсож, ярих нь хэцүү санагддаг байсан. Салхи, чимээ, шууд орж ирээд сайн ойлгогдохгүй. Бүр нэг удаа айгаад радиогоо унтраачихсан. Дарга маань орж ирээд радио чинь эвдэрчихсэн юм уу? гээд асааж, янзалж өгч байсан хөгжилтэй түүх бий. Салбар, салбараар нэг үгийг утгаар нь өөрөөр ашиглах нь элбэг. Товчилж ярьдаг ч юм уу, зөвхөн тэр салбарынхан ойлгох үгээр ярина. Англи хэлдээ ус цас хүн орж ирсэн ч ойлгохгүй байхаар. Иймэрхүү бэрхшээлээс хол байхын тулд дараагийн ажилд орохдоо шууд эхлээд энэ салбарт ашиглагддаг үг, “slang”-ийг сурч аваад, утсан дээрээ тэмдэглээд сурч эхэлсэн. Гэхдээ ерөөсөө айж болохгүй, шууд тухай бүрд нь асуугаад явах их чухал юм байна лээ. Асуучихвал намайг тэнэг гээд бодчих вий гээд айгаад байж ерөөсөө болохгүй. Ялангуяа Австралид. Энд хүнээс тулгамдсан бэрхшээлээ асуугаад байвал харин ч энэ хүн асуухаас айдаггүй юм байна, энэ хүн улам хөгжиж, дэвшмээр байгаа юм байна гээд бодчихдог.

Commonwealth банканд ажилд орчихоод “Би чадлаа” гэж өөртөө бодож байсан.

Манай сургууль дээр бусад компаниудтай танилцах хуваарь гардаг. Тэр үед нь Commonwealth банканд очиж танилцсан. Үнэхээр гоё оффистой. Ямар гоё газар энэ хүмүүс ажилладаг юм бэ? гэж бодсоноо би заавал энд ажиллана гэж зориод бүр дотор нь зургаа авахуулж байсан юм. Дараа нь яг тэр банкиндаа ажиллах урилга аваад, ажилдаа орж эхлээгүй ч оффисоор нь очиж байсан. Тэр үедээ ажиллах газрынхаа зургийг аваад гэрийнхэндээ үзүүлж байхад би хийж чадлаа гэдэг сэтгэгдэл төрж байсан. Харин одоо мөрөөдөж байгаа зүйл маань одоо хийж байгаа ажил мэргэжилтэй маань холбоотой болчихсон байна. Өмнө нь кибер аюулгүй байдлын чиглэлээр ажиллана гэж төсөөлөө ч үгүй байтал энэ компанидаа ажилд орсон чинь кибер аюулгүй байдлын газар нь ажилладаг болчихсон. Лавшруулаад судлаад байсан чинь надад улам сонирхолтой, маш их таалагдаад байна. Тэгэхээр энэ чиглэлээрээ илүү сайн сурч, мэргэшихийг л зорьж байна.


Өмнөх ажилтай минь одоо орох гэж байгаа ажилтай ямар төстэй зүйл байна, хөрвөх боломжтой тэр зүйлээ ашиглаж, өөр өөр ажил хийж явсаар хэд хэдэн салбарт ажиллачихсан. Намайг Commonwealth банканд ажилд ороход манай захирал тээврийн салбарт ажиллаж байсан хүн байж таараад ойр санагдаад намайг ажилд авч байсан гэж хэлсэн удаатай. Улаан загалмайн нийгэмлэгт байхдаа нөхөн үржихүй болон бэлгийн боловсролын сургагч багш хийж байсан туршлага маань хэрэг болж, нэг ажлын хажуугаар эндхийн эмнэлгийн байгууллагад сургагч багшаар бас давхар ажиллаж байсан байна.


Commonwealth банкинд ажиллаад, сүүлдээ ажлаа гартаа оруулж эхлээд дараагийн “challenge”-аа хайсан юм. Тухайн үед Deloitte банканд 6 сар дадлага хийж байсан болохоор Deloitte, Commonwealth bank, Macquarie гэсэн гурван газраас сонгож дараагийн ажлаа шийдэхээр судалж байгаад Macquarie группыг сонгосон. Шалтгаан нь гэвэл надад senior түвшинд ажиллах санал тавьснаас гадна их уян хатан хандсан. Швейцар явах урилгаа авчихаад яаж энэ мэдээгээ хэлэх вэ гэж айж байгаад “Би ингээд 6 сар явлаа, буцаж ирээд ажлаа эхлүүлж болох уу?” гэхэд намайг дэмжиж ямар ч асуудалгүй хүлээж авсан. Эргэж ирээд шууд ажилдаа орсон. Одоо энэхүү ажилдаа ороод 6 сар болж байна.

 “You’ll never know unless you do”

Энэ бол миний одоогоор өөртөө хэлдэг “mantra”. “Та нар ирээдүйд ямар мэргэжлээр сурахаа мэдэхгүй байж магадгүй. Хэрэв мэдэхгүй байгаа бол олон зүйл оролдож үз” гэж манай 10 жилийн сургуулийн захирал хэлж байсан юм. Энэ яалт ч үгүй үнэн үг байсныг одоо сайн ойлгож байна. 10 жилээс хойш оюутан солилцоо, сайн дурын ажил гээд зөндөө юм хийж үзсэн. Тэгж байж л яг өөрийгөө юу хүсээд байгааг ойлгодог байх. Энэ үг амьдралд их хэрэг болсоор байгаа. Ажилд ороход, хөтөлбөрт материалаа өгөхөд, юманд бүртгүүлэхэд гээд. Нэг судалгаа байдаг юм байна лээ. Эмэгтэйчүүд ажлын зар хараад шаардлагынх нь 90%-д хүрэхгүй гэж бодвол материалаа явуулдаггүй гэдэг. Заримдаа нэг програмд бүртгүүлэхдээ айх үе байна. Гэхдээ за би бүртгүүлж үзэхгүй л бол юу болохыг нь мэдэхгүй ш дээ гэж бодоод зориг орно. Үүнээсээ ч болж хэд хэдэн програмд тэнцсэн байх гэж боддог.


Австралид ажилд ороход танилын хүрээ их хэрэг болдог. Боломж гарвал networking-оо сайжруулж л байх хэрэгтэй. Хүмүүсийн нэлээн ашигладаг нь meetup.com гээд сайт бий. Нэг жишээ хэлэхэд манай аав Монголд IT-аар ажиллаж байгаад одоо энд Westpac-д мэргэжлээрээ ажиллаж байгаа. Ирсэн цагаасаа долоо хоногийн пүрэв гараг болгонд meetup-ийн уулзалтад очиж хүмүүстэй танилцдаг байсан. Ийм уулзалтад очих үед нь зарим компанийн хүний нөөц, менежерүүд ажилд орох хүн хайгаад ирчихдэг байсан гэсэн. Ажилд орох гэж биш авах гэсэн хүмүүс маш их ирдэг. Тэгэхээр иймэрхүү боломжуудыг орхигдуулахгүй ашиглаад яваарай. Хүн болгон л завгүй байгаа. Ажлаа хийнэ, гэр орны ажлууд байна. Заавал өдөр болгон биш ч ядаж сардаа нэг удаа ийм уулзалтуудад явна гэдэг зорилго тавьж болно шүү дээ. Сүүлд судалгаа харахад нийт ажлын зарын 70% нь интернэтэд тавигддаггүй гэж байсан. Тэгэхээр салбараа солих гэж байгаа бол эсвэл ажил хайж байгаа бол ихэвчлэн хүмүүс интернэтээр биш ингэж танилын хүрээгээрээ ажилд ордог шүү гэдгийг зөвлөх байна.


Commonwealth-д ороход 2 удаагийн ярилцлагад орсон. Нэг нь өөрийнхөө даргатай, нөгөө нь илүү өндөр албан тушаалтантай ярилцдаг. Ер нь тухайн газрууд өөр өөрийн гэсэн ажилд авах арга барилтай. Deloitte-д ороход Commonwealth-тай бага зэргийн төстэй. Эхлээд онлайн тест бөглөөд дараа нь psychometric test бөглөж байсан. Энэ нь та ямар зан чанартай, ямар характертай хүн бэ гэдгийг нь тодорхойлдог. Зарим тохиолдолд IQ тест авна. Эсвэл утсаар яриад ойр зуурын жижиг ярилцлага авна. Дараа нь видео ярилцлагад орно. Хэдхэн асуултад хариулаад болчихно. Үүний дараа нэг өдрийн тест буюу assessment day гэж нэрлэдэг тест авна. Групп болоод багаараа case study дасгал ажил хийдэг. Багаар нь нэг асуулт тавина, заримдаа нэг нэгээр нь асуулт тавина. Эндээс гол шалгаж байгаа нь багаар хэрхэн ажиллаж байгаа шалгуур юм байна лээ. Консалтинг хийх хүмүүс учраас гэнэт өөр өөр хүмүүстэй нэг баг болох шаардлага гарна. Энэ үед баг болж чадах юм уу? гэдгийг нь шалгана. Macquarie-ийн хувьд илүү хөнгөн гэх юм уу. Багаараа болоод “Дэлхий сүйрч байна”, “Марс руу явахад 10 мэргэжлийн хүн явах боллоо. Ямар 10 мэргэжлийн хүнийг авч явах вэ?” гэдэг ч юм уу арай хөнгөн асуулттай. Мэтгэлцэх нь мэтгэлцээд сууж байхад хажууд 3-4 хүн хараад, хянаад сууж байдаг. Мөн дараа нь өндөр албан тушаалтай хүнтэй ганцаарчилсан ярилцлагад орж тухайн компанийн соёлд нийцэхээр хүн байна уу? гэдгийг нь шалгаж байсан. Ингэсний дараа маргааш нь ахиад нэг ярилцлагад орно. Энэ удаад тухайн багт орж ажиллахад уусаж чадахаар байна уу? гэдгийг нь шалгаж авдаг юм байна лээ. Ихэнх газруудын процесс ингэж явагддаг.


Монгол руугаа, бусдад туслахад чиглэсэн ажил хийхийг зорьж байна. Яагаад ч юм хүн үхэхдээ амьдарсан хэмжүүр нь хэдэн хүнд тусалснаар нь хэмжигддэг юм шиг санагддаг. Австралид ирж амьдрах гэж байгаа ч юм уу, эсвэл одоо миний эзэмшсэн мэргэжлээр сурахыг хүсэж байгаа Монголчууддаа ч туслахыг хүсдэг. Энэ чиглэлээрээ ч дорвитой ажил хийнэ гэсэн ирээдүйн зорилготой байгаа.


Миний нэг өдөр: Нэг долоо хоногийн талд нь оффисоос, талд нь гэрээсээ ажиллана. Оффис дээр ажиллах үедээ өглөө бүгд ирээд кофе уунгаа гадаа гарч амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрүүлснээ ч юм уу ярилцаж байгаад ажил, ажилдаа орно. Ер нь ажиллах цаг ч их уян хатан. Хуралгүй бол заавал эрт ирэх шаардлагагүй. Ихэнх нь 9:30 хавьцаа ирдэг. Ингээд хурлууд эхэлж, ажлуудаа хийж байгаад үдийн цайндаа гарна. Ихэнхи нь хоолоо бэлдээд ирнэ, хоолгүй нь хамт алхаж юм иднэ. Үдийн цайны цагийн дараа хурлуудаа хийж байгаад ахиад нэг удаа кофе уухаар хамтдаа гарна гэх мэт. Харин тарах цагийн хувьд өдөр бүр өөр өөр. Сүүлийн үед миний хичээл эхэлчихсэн байгаа учраас 16:30 гээд ажлаа тараад сургууль руугаа явж байгаа. Гэхдээ одоо надад арай их чөлөөт цаг гараад байна. Macquarie банк ч гэлтгүй ер нь Австралийн компаниудын нэг баримталдаг зүйл нь дан ганц ажил хийхэд нь анхаарах бус бусадтайгаа харилцах, ярилцах боломжуудыг их өгдөг юм билээ. Ер нь банкны ажил завгүй байдаг ч одоогоор оргил ачаалалтай үе нь арай эхлээгүй л байна.


Анх ирсний дараа ямар ч зав гардаггүй байсан. Сиднейн их сургуульд ороход Монголын 10 жилийн сургуулийн дипломыг тооцдоггүй, заавал SAT гэдэг шалгалт өгөх ёстой гэх мэт шалгууртай. Тийм болохоор их сургуульдаа орох гэж 1 жил Taylors коллежид суралцсан. Өглөө 9 цагаас хичээлтэй, орой тараад 17-21 цагийн хооронд усан боомт дээр ажлаа хийнэ гээд ер нь их завгүй. Амралтын өдрүүдээр сайн дурын ажлаа хийнэ. Дараа жил нь өдөр нь хичээлтэй болохоор боомт дээрх ажлаа шөнийн ээлж рүү шилжүүлчихсэн. Шөнийн ээлж нь 21 цагаас өглөөний 5 цаг хүртэл байдаг. Тэгэхээр хичээлээс ажил, ажлаас хичээл гээд дундаа 3-4 цаг унтаад байхаар бие их мууддаг юм байна билээ. Тэр үедээ шөнийн ажил хийж буруудсан санагддаг.

БҮГД БОЛОМЖТОЙ...

Анх удаа гадаадад ирээд, сураад эхлэхээр угаасаа чи муу байгаа юм шиг, энд үлдэж ажиллах боломжгүй юм шиг санагдана. Тэр бол мэдээж тохиолдох зүйл. Гэхдээ бүгдийг нь судлаад, төлөвлөгөө гаргаад тэрэндээ зорьсон байхад ямар ч том компанид ажиллаж болно. Харин оюутнууд сурч байх үедээ нэг их хичээхгүй явж байгаад яг төгсөх дөхөөд за одоо яах вэ? гэх тэр үед маш их боломжуудаа алдсан байх тохиолдол бий.


Төгсөхөөс өмнө том компаниудаас урилга авах боломж уг нь зөндөө. Гэхдээ хүссэн зүйлдээ хүрэхэд нь амархан хийж болох байснаас арай хэцүү болгочихсон байдаг гэх үү дээ. Тийм зүйлс их ажиглагддаг. Хэрэв одоо сурч байгаа бол сургууль дээрх үйлчилгээнүүдийг сайн ашиглаарай. Сургууль болгонд карьер төвүүд байдаг. Карьерт тань зөвлөгөө өгөх мэргэжлийн хүмүүс тэнд сууж байгаа гэсэн үг шүү дээ. Өмнө нь би сургуулийнхаа карьер төвд ажилладаг байхад хэдий манай сургууль 70 мянган оюутантай байсан ч өдөрт 3-4 хүн л бидэнтэй уулзахаар ирдэг байлаа. Ер нь тухайн сургууль ямар ямар үйлчилгээ өгдөг вэ гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй юм шиг санагдсан. Ядаж л бид тухайн оюутныг resume бичихэд нь тусалдаг, хувилбар гаргаж өгдөг гээд янз бүрээр тусалдаг байсан. Хүсвэл дүнгээ дүйцүүлээд дадлагад гарах боломж бий. Ингэвэл сурч байхдаа ажлын туршлагатай болох том давуу талтай.


Бас хэчнээн хэцүү ажил байлаа ч сониуч зандаа хөтлөгдчихвөл амархан болдог. Ер нь сониуч зан хүнд бас их тус болдог байхаа. Жишээ нь би стадионд цэвэрлэгчээр ажилладаг байхдаа ганцхан цэвэрлэгээ л хийнэ гэж бодохгүй ажлаа хийнгээ энэ стадион яаж ажилладаг юм бол? Яаж цалинжуулдаг юм бол? гэдэг ч юм уу өөр зүйл сонирхож, өөр зүйлсд нь анхаарлаа хандуулдаг байсан. "Суралцаж байгаа мэргэжлээ яг үнэхээр өөрөө хүсэж байгаа гэдэгтээ эргэлзэж байгаа бол олон олон хичээлүүдийг туршиж үзэхийг зөвлөе". Сургуулийн эхний долоо хоногт тухайн хичээлд суугаад таалагдахгүй бол сольж болдог дүрэмтэй. Эсвэл зүгээр лекц рүү нь ороод суучих. Угаасаа эхний долоо хоног ирц авдаггүй учраас хүссэн лекц рүүгээ ороод сургалтын арга барил, юу зааж байгааг мэдээд авчихаж болно. Ер нь хүмүүс нэг мэргэжлээ сонгоод яг сургуульд нь сураад эсвэл ажил дээр гараад эхлэхээр энэ чинь миний хүссэн мэргэжил биш байна гэж бодох тохиолдол их гардаг юм шиг санагдсан. Тэгэхгүйн тулд мэргэжлээ сонгосон бол тэр мэргэжлийнхээ талаар сайтар судлаарай. Youtube-ээр хүртэл хайхад гараад ирнэ. Боломжтой бол яг тийм мэргэжилтэй хүмүүстэй уулзах хэрэгтэй. Энэ мэргэжил яадаг вэ? Та надад хэдэн асуултад хариулаад өгөөч? гээд асуучих. Эсвэл LinkedIn-ээр 10 хүн рүү бичихэд ядаж 1 нь танд хариу өгч л таарна.


Эсвэл төгсөөд ажил дээр гарсан чинь хүссэн ажил нь биш байвал, буруу мэргэжлээр төгсчихлөө гэж бодож байвал, сэтгэлээр унах хэрэггүй. Сүүлийн үед ихэнх мэргэжлүүд уян хатан болчихлоо шүү дээ. Ядаж төгссөн мэргэжлээсээ ямар чадвартай болсон бэ гэдгээ мэдээд түүгээрээ өөр салбарт шилжихэд асуудал байхгүй. Мэдээж эмч болон нарийн мэргэжлүүд бол боломжгүй л дээ. Гэхдээ ихэнх мэргэжил бол уян хатан болчихжээ. Миний хувьд одоо сурч байгаа бизнесийн шинжээч гэдэг мэргэжлийг сонгох гэж ирснээсээ хойш олон сольж, хольж байж сонгосон.


Төгсгөлд нь хэлэхэд анхны дугаарын зочноор урьсанд баярлалаа, өөрийн туршлагаа уншигч тантай хуваалцсандаа баяртай байна. Мөн үргэлж өөртөө итгэлтэй байгаарай, хийгээд үз, хийж үзэхгүй л бол ямар гэдгийг нь мэдэхгүй шүү дээ гэж хэлмээр байна. Баярлалаа.




Comments


© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Social medias

  • Instagram
  • Facebook
  • Youtube

"MonDay Magazine AU" Digital Magazine and Mongolian Community Platform
MonDay 2.0

bottom of page